
60 жилийн ойг тохиолдуулан баярын цахилгаан солилцов
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ 10 дугаар сарын 16-ны өдөр тохиож буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Ху Жинтао нар баярын цахилгаан утас харилцан солилцов.
Монгол Улсын Ерөнхийлөгч цахилгаан утсандаа Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшхи 60 жилийн хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа түүхэн сорилтыг амжилттай даван туулж, сайн хөршийн харилцан итгэсэн түншлэлийн харилцааны түвшинд хүрснийг тэмдэглэсэн байна.
БНХАУ-ын дарга цахилгаан утсандаа Монгол-Хятадын сайн хөршийн харилцан итгэсэн түншлэлийн харилцааг хөгжүүлэх бодлогыг тууштай баримталж буй бөгөөд бүх салбарт харилцан ашигтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.