2022.04.28

С.Бямбацогт: НӨАТ-ын буцаан олголтыг 4 хувь болгох нь зүйтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.28/ хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Тогтоолын төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

 УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Далд эдийн засгийг ил болгоход НӨАТ-ын 10% болон 2%-ийн буцаан олголт, сугалаа чухал үүрэг гүйцэтгэсэн. Одоо 2 хувийн буцаан олголт хэвээр үлдээж, сугалааны тохирлыг зогсоосон. Сугалаа нь эдийн засгийн хувьд тодорхой хэмжээнд хөшүүрэг болж байсан. Өөрөөр хэлбэл, иргэд бараа бүтээгдэхүүн худалдан авахад НӨАТ-ын баримт авдаг. Ингэснээр далд эдийн засаг ил болдог  байсан. Тиймээс НӨАТ-ын буцаан олголтыг 4% болговол эдийн засгийн хүндрэлтэй, хямралтай цаг үед нэг талаасаа далд эдийн засаг ил болоход эдийн засаг томроход тодорхой хэмжээний хөшүүрэг болох юм. Нөгөөтэйгүүр ард иргэддээ санхүүгийн тодорхой дэмжлэг болно гэж үзэж байна.

Бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт тасралтгүй нэмэгдэж байгаа энэ үед орлогоороо зарлагаа нөхөж амьдрахад бага орлоготой иргэд хэцүү байдалд ороод эхэлсэн. Төрийн үйлчилгээний албан хаагчид 400-500 мянган төгрөгөөр цалинждаг. Тийм учраас төрийн захиргааны анхан шатны нэгжид ажиллаж байгаа тухайн албан хаагчидаа дэмжиж, бүсээ чангалах, зардлаа танах бодлогыг сайшааж байна.

Стратегийн ач холбогдол өндөр салбарууд болох  цахилгаан, дулааны болон усан цахилгаан станц, харилцаа холбоо, МҮОНРТ гэх объектуудыг бид хувьчлах ёсгүй. Баруун бүсийн цахилгаан дамжуулах сүлжээний цаад талд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Дөргөны УЦС-ыг хувьчлах нь зөв юм уу?

 Түүний асуултад Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн: Ч.Хүрэлбаатар асуултад хариуллаа.