Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо хуралдлаа
Түр хорооны хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцлээ.
Үүнд:
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй холбогдуулан LRT буюу хөнгөн галт тэрэг тавих төсөл,
Улаанбаатар хотод нэн шаардлагатай цэцэрлэгийн байршлуудын судалгаатай танилцаж, цаашид авах арга хэмжээ зэрэг асуудлуудыг хэлэлцсэн.
Хотын иргэдийн стресс, цаг завыг үрдэг түгжрэлийг бууруулахын тулд хийж хэрэгжүүлж буй Тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх төсөл буюу LRT хөнгөн галт тэргийн талаар хотын удирдлагууд мэдээлэл өглөө. Нийслэлээс LRT - Хөнгөн галт тэргийг гурван шугамд тавьж 2024 оны 6-р сард эхний шугамыг ашиглалтад оруулна. Байршлын хувьд Нисэхээс - Сансрын тойрог хүртэл байх бөгөөд 18.1км үргэлжилж 30 мянган машины авто зогсоол, худалдаа үйлчилгээний цогц бүтээн байгуулалт хийнэ гэж тооцсон байна. Улаанбаатар хотод 450 мянга гаруй автомашин байнгын хөдөлгөөнд оролцдог. Нэг машины дундаж хурд 13км/ц. Тиймээс LRT төсөл заавал хэрэгжиж түгжрэлийн асуудал нэг мөр цэгцрэх ёстой.
Харин Улаанбаатар хотод нэн шаардлагатай цэцэрлэг 57 гэх судалгаа гарсан. Энэ нь өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод байгаа нэг цэцэрлэгт дунджаар 200-300 хүүхэдтэй байх ёстойгоос 500-600 хүүхэдтэй сурч боловсорч байгааг илтгэж байна. Тиймээс шаардлагатай арга хэмжээг яаралтай авч хороо бүрд дор хаяж 1 цэцэрлэг барьж байгуулах хэрэгтэй.
Хүүхэд бүр сурч боловсрох эрхээ эдэлсэн, хөдөлмөрлөж ажиллаж байгаа иргэдийнхээ ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд дээрх төслүүд заавал хэрэгжиж үр дүнд хүрэх ёстой. Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо, хотоос сонгогдсон гишүүд манлайлж ажиллах болно.