УИХ-ын гишүүдийн хувьд "ажил оволзсон" долоо хоног болно
УИХ-ын нэгдсэн чуулган гацаанаасаа гарч, парламентын үйл ажиллагаа энэ долоо хоногоос эхлэн хэвийн “хэмнэлдээ” орлоо.
Өчигдөр УИХ дах намын бүлгүүд хуралдаж Эх орны хишиг, Эрдэнийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн бол өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хороогоор энэ асуудлыг авч хэлэлцэх нээ. Үүний дараагаар пүрэв, баасан гаригууд нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм.
Энэ долоо хоногт УИХ-ын гишүүдийн хувьд “ажил оволзсон” долоо хоног болох нээ. УИХ-ын нэгдсэн хуралдаанаар 13 ч асуудал авч хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Чуулганы хуралдаанаас өмнө асуудал тус бүрээр харьяа байнгын хороод хуралдана.
Хэлэлцэх асуудлуудаас зарим асуудлыг онцолбол энэ долоо хоногт Эх орны хишиг сангийн тухай хууль, Концессийн тухай хууль, Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хууль, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2010 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуулийн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2010 онд баримтлах үндсэн чиглэлүүдийг хэлэлцэх юм байна.
Чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт
- Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
- Төрөөс мөнгөний бодлогын талаар 2010 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
- Эх орны хишиг сангийн тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдэд олгох мөнгөний хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоол, Эрдэнийн хувийн (Баянмонгол корпораци) тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
- Татварын ерөнхий хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн зарим хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
- Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
- Концессийн тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
- Ашигт малтмалын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
- Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/хэлэлцэх эсэх/;
- Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
- Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/ /анхны хэлэлцүүлэг/;
- •Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хууль, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2010 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуулийн төслүүд /нэг дэх хэлэлцүүлэг/;
- • Улсын Их Хурлын гишүүн Ш.Сайхансамбуугаас “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн болон Гадаад харилцааны сайд нарт тавьсан “Мал, малын гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох асуудлаар болон мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, хүчин чадлын талаарх асуулга”-ын хариуг сонсох;
- • Улсын Их Хурлын гишүүн Ц.Дашдоржоос Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад тавьсан “Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн хэрэгжилт”-ийн талаарх асуулгын хариуг сонсох.