Сонгинохайрхан дүүргийнхэн зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлагад хамрагдлаа
2022.03.24

Сонгинохайрхан дүүргийнхэн зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлагад хамрагдлаа

Монгол Улсын Засгийн газраас 2011 оны 399 дүгээр тогтоолоор "Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дамжуулах журам", 340 дүгээр тогтоолоор "Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам"-ыг тус тус баталсан.

Уг тогтоолын хүрээнд өнөөдөр /2022.03.24/ Монгол Улс даяар бүх нийтийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллах нэгдсэн дадлага, сургуулилт хийлээ. Тус арга хэмжээнд НИТХ-ын төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын дарга Д.Төмөрбаатар, Онцгой байдлын хэлтсийн дарга А.Алтансүх, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Амарбаясгалан болон ИТХ, ЗДТГ-ын албан хаагчид, харьяа хэлтсүүдийн хамт хамрагдав.

Харин дүүргийн хэмжээнд төрийн болон төрийн бус 343 байгууллагын 85 мянга гаруй иргэн бүх нийтийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллах нэгдсэн арга хэмжээнд оролцсон юм. Мөн Онцгой байдлын хэлтсээс 85 алба хаагч үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллалаа.