2022.03.24

Д.Өнөрболор: Хүний эрхийг хангах, эрхзүйн орчныг сайжруулахад энэ хуулийн төсөл шаардлагатай

УИХ-ын чуулганы /2022.03.24/-ны хуралдаанаар “Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд”-ийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

Шүүхийн шинжилгээний тухай чухал хуулийн төсөл орж ирж байна. Хүний эрхийг хангах, эрхзүйн орчныг сайжруулах чиглэлд парламент маш онцгойлон ажиллаж байгаа. Үүний нэг бол энэхүү хуулийн төсөл гэж харж байна.

2009 оноос шүүхийн шинжилгээний байгууллагын бүтэц, чиг үүрэг, тогтолцоо бий болсон. Гэсэн хэдий ч зарим аймаг дахь шүүхийн шинжилгээний байгууллага өөрийн гэсэн байргүй байгаа. Тухайлбал Сэлэнгэ аймагт захиргааны болон эмнэлэг, цагдаа гэсэн гурван газарт хэсэгчилэн байрлаж, үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс  надад хүсэлт тавьсны дагуу 2022 оны төсвийн хэлэлцүүлгийн явцад санал гаргаж, ажлын байрны асуудлыг шийдвэрлэж байсан. Энэхүү төрийн тусгай байгууллагуудын хараат бус байдлыг хүний нөөцийн, санхүүгийн, үйл ажиллагааны гэсэн гурван үндсэн шалгуур үзүүлэлтээр хэмждэг юм байна. Тэгэхээр энэ байгууллагын онцлог, мэргэжлийн үйл ажиллагааны хараат бус байдлыг онцгойлон авч үзэх зайлшгүй шаардлагатай. Яагаад гэвэл эрүүгийн, иргэний, захиргааны, зөрчлийн гэх мэт хэрэг, маргааныг үнэн зөв, шударгаар шийдэхэд хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, шударгаар шүүхээр шийдүүлэх олон нийтийн төрд итгэх иргэдийн итгэл нэмэгдэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэсэн үйл ажиллагаатай байгаа.

Нийгмийн хөгжлийг дагаж шинжлэх ухааны үндэслэлтэйгээр инженер, техникийн шинжилгээ, хүрээлэн буй орчинд учруулсан хохирол, сэтгэцэд учирсан хор уршиг зэрэг олон төрлийн шинжилгээ хийх шаардлага гарч байгаа гэдэгтэй санал нэг байна. Энэ үйл ажиллагааг хэвийн явуулах, стандартад нийцсэн лабораторид үйлчилгээ үзүүлэх, иргэний эрхийг хамгаалах, хараат бус байдлыг хангах зэрэг асуудлуудыг зохицуулахаар энэ хуулийн төсөл орж ирж байгааг зарчмын хувьд дэмжиж байна.