Агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүргийг оруулах санал гаргалаа
2022.03.11

Агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүргийг оруулах санал гаргалаа

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлаар Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 2020 оны 189 дүгээр тогтоолыг шинэчлэх саналыг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр танилцуулав.

Улмаар Агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүргийн найман хороог хамруулж, сайжруулсан түлш хэрэглэдэг болгох саналыг гаргалаа. Учир нь Налайх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт хийсэн агаарын чанарыг тодорхойлох хэмжилтээр PM 2.5 тоосонцор агаарын чанарын хүлцэх хэмжээнээс 8.2 дахин их гарчээ.

Мөн тус дүүргийн ЗДТГ болон иргэдээс 2019 оноос хойш Агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдах саналыг удаа дараа гаргасан байна. Иймээс Налайх дүүргийн найман хорооны 7226 өрхийг энэхүү бүсэд хамруулж, сайжруулсан шахмал түлшээр хангах асуудлыг зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ. Дээрх өрхүүд жилдээ 21.678 тонн сайжруулсан түлш хэрэглэх тооцоо гарчээ.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Нэргүй “Налайх дүүргийн төвийн хэсэгт 5000 орчим айл өрх бий. Тэдгээр өрхүүдийн түлшний хэрэглээ 10-15 мянган тонн гэсэн тооцоо байна. Шахмал түлшний үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажиллавал 3-4 хоног ажиллаад энэ түлшийг хангах боломжтой. Зөвхөн Налайх дүүрэг гэлтгүй Багануур, Багахангай дүүргийг агаарын чанарыг сайжруулах бүсэд оруулахад Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар санаачилгатай ажиллах хэрэгтэй. Ирэх жилийн агаарын бохирдлын асуудалд одооноос ач холбогдол өгөх шаардлагатай байна” хэмээв.

Зөвлөлийн гишүүд хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор асуулт асууж, санал хэлсэн юм. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан тушаал, захирамжаар агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулахыг Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболдод даалгалаа.