2022.03.04

“Улс төрийн намын эрх зүйн шинэтгэл” хэлэлцүүлэг болов

Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар хамтран өнөөдөр (2022.03.04) “Улс төрийн намын эрх зүйн шинэтгэл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Б.Пүрэвдорж, Ц.Мөнхцэцэг, Ж.Сүхбаатар болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг, Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, Шинжлэх ухааны академи, МУИС, Боловсролын их сургуулийн багш, эрдэмтэн судлаачид оролцлоо.

Мөн Улсын дээд шүүхэд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа намууд болох ИЗНН, Ногоон нам, Монголын хүний төлөө нам, Ард түмний олонхийн засаглал нам, Эх орончдын нэгдсэн нам, Хөгжлийн хөтөлбөрийн нам, Монголын үндэсний ардчилсан нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Гэр хороолол хөгжлийн нам, Миний Монгол нам, Их эв нам, Бүгд найрамдах нам, Монголын социал демократ нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Иргэний хөдөлгөөний нам, Ард түмнээ хайрлая нам, Үнэн ба зөв нам, Зон олны нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл, Зүй ёс нам, Ардчилал шинэчлэлийн нам, Монголын уламжлалын нэгдсэн нам, Эх орон нам, Монголын либерал нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нам, Монгол консерватив нам зэрэг намуудын төлөөлөл оролцсон.

Хэлэлцүүлгийн чиглүүлэгч, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат улс төрийн намууд, түүний төлөөллийг цуглуулж санаа, бодлыг сонсож, нээлттэй ярилцахаар энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж буйг тэмдэглэхийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийн нэгдэл болох улс төрийн намын эрх зүйн шинэтгэлд анхаарал хандуулж, парламентад суудалтай намууд болон бусад намууд, эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулсан талаар мэдээлэв. Ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар ахалсан байна. Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Я.Содбаатар нар үг хэллээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ “Монгол Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 14-нд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг амилуулж, хэрэгжүүлэх зорилгоор “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолыг батлан гаргасан. Тус тогтоолын дагуу 31 хууль батлах ёстойгоос өнөөдрийн байдлаар 14 хуулийг шинэчлэн баталсан, хоёр хууль хэлэлцүүлгийн шатанд байна. 31 хууль бүгд батлагдаж байж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бүрэн утгаараа амьдралд хэрэгжинэ. Үлдэж буй 15 хуульд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Улс төрийн намын санхүүжилтийн тухай анхдагч хуулийн төсөл багтаж байна. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн боловсруулж, Улсын Их Хурлын хаврын чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн барина. Хуулийн төслийг намуудын оролцоог хангаж боловсруулах ёстой учраас олон намын төлөөллийг оролцуулан, олон нийтээр хэлэлцүүлээд, хийдэлгүй хууль хэлэлцэж батлахыг зорьж байна. Улс төрийн намын эрх зүйн шинэтгэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн салшгүй нэг бүрэлдэхүүн хэсэг. Бидний зорьж, тэмүүлж байгаа эдийн засгийн хөгжил, эрүүл нийгэм, хуулийн засаглал, шударга ёсыг тогтоох чин эрмэлзлэлийг үр дүнд хүргэх нэг чухал хөшүүрэг улс төрийн намын шинэтгэл. Ийм цаг үед энэ хэлэлцүүлэг болж буй нь их ач холбогдолтой. Улс төрийн намын санхүүжилтийн тухай анхдагч хуулийн төсөл боловсруулалтын шатандаа байна” гэлээ.

Улс төрийн намд яагаад шинэтгэл хэрэгтэй талаар Улсын Их Хурлын дарга мөн хэлсэн үгэндээ гурван асуудлыг тодруулан тэмдэглэсэн. Тухайлбал, улс төрийн нам авлигыг тэтгэгч, хэсэг бүлгийн албан тушаал өгсөх шат, эрх мэдлийг төвлөрүүлж, дураар дургих бүтэц, засгийн эрхийн төлөө сөргөлдөн тэмцэгч болсон тул уруудан доройтсоны гол эх сурвалж намуудад байна гэсэн дүгнэлтийг олон нийт хийдэг болсон, энэ сөрөг хандлага, үнэлэмжийн нөлөөгөөр улс төрийн нам, түүний үйл ажиллагаанд итгэх иргэдийн итгэл алдарсан, улс төрийн намын эрх зүйн шинэчлэл цаг үеийн шаардлагаас илт хоцорсон учир засаглалын хямралт байдал руу түлхсэн зэрэг шалтгаан нь улс төрийн намын тухай, түүний санхүүжилтийн тухай хуулийг ард нийт, улс төрийн намуудын зөвшилцлийн үндсэн дээр хэлэлцэн, батлах зүй ёсны шаардлагыг бий болгож байна гээд хэлэлцүүлэгт оролцож буй намуудын төлөөлөлд амжилт хүсэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Я.Содбаатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн боловсруулах ажил гурван парламент дамжсан нь нийгмийн олон талын зөвшилцлийг хангах ёстойг харуулж байна. Төрийн тэргүүн улс төрийн намын шинэтгэлийг цогцоор нь харж, улсыг хөгжлийн урт хугацааны бодлогод тулгуурлан хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Улс төрийн намын шинэтгэлийг хийх үндсэн зорилго парламентын ардчилал, Үндсэн хуульт ёсны төлөвшилтийг гүнзгийрүүлэх чиглэлд явах ёстой. Энэ хүрээнд нам дэвшилтэт бодлого хэрэгжүүлэх, институцийн хувьд чадавхжиж, цаашид бодлогын институц байх нөхцөлийг бүрдүүлэн, намын санхүүжилт ил тод байж, түүнд тавих хяналтын механизм улам бүр боловсронгуй болж, мөн зохион байгуулалтын хувьд ардчилсан зарчимд нийцсэн байх, асуудлаа гудамжинд бус ширээний ард сууж, эв эеэ хичээн ярилцаж чаддаг байх эрх зүйн орчныг энэ удаагийн хуулиар бүрдүүлэхийг эрмэлзэж байна. Улс төрийн намууд санал нэгдэж чадвал энэ төслийг өргөн барина” хэмээлээ.

Нээлтийн дараа гурван илтгэл танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг “Улс төрийн намын эрх зүйн шинэтгэл” сэдвээр, Боловсролын их сургуулийн багш, судлаач, доктор Э.Гэрэлт-Од “Монгол дахь улс төрийн намын төлөвшлийн асуудлууд” сэдвээр, Нээлттэй нийгэм форумын судлаач, Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг “Улс төрийн санхүүжилтийн эрх зүйн орчин, шинэчлэл” сэдвээр тус бүр 20 минутын илтгэл тавилаа.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг “Улс төрийн намын эрх зүйн шинэтгэл” сэдэвт илтгэлээрээ дэлхийн улс төрийн намуудын хөгжлийн чиг хандлага, тэр дундаа намын санхүүжилт, бодлогын нам болохтой холбоотой асуудлыг, мөн Монгол дахь улс төрийн намууд, тэдгээрийн эрх зүйн шинэтгэлийн үндэслэл, шаардлагын талаар танилцуулаад улс төрийн намын эрх зүйн шинэтгэлийг Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу, олон улсын жишиг, парламентын засаглалтай улс орнуудын сайн туршлагыг харгалзан хийх нь зүйтэй гэж дүгнэсэн. Мөн дэлхийн улс орнуудын намын хөгжлийн чиг хандлагыг судалж, Монголын нөхцөлд таарах сайн туршлага, ололтыг нэвтрүүлэх ёстой талаар хөндлөө.

Боловсролын их сургуулийн багш, судлаач, доктор Э.Гэрэлт-Од “Монгол дахь улс төрийн намын төлөвшлийн асуудлууд” сэдэвт илтгэлээрээ өнгөрсөн 32 жилд улс төрийн намын төлөвшилтөд тулгарч байсан асуудлуудыг тодруулж, олон намын тогтолцооны шилжилт, улс төрийн намын эрх зүй, бүтэц, зохион байгуулалт, гишүүнчлэл, дотоод ардчилал, санхүүжилт, бүртгэлийн тогтолцоо, хяналт хариуцлага, олон нийтийн дэмжлэг, сонгуулийн системийн өөрчлөлт гэсэн агуулгын хүрээнд мэдээлэл өгсөн. Түүний илтгэлд Улсын дээд шүүхэд 35 улс төрийн нам бүртгэлтэй байдаг талаарх тоо баримт дурдагдлаа. Тэрбээр өнгөрсөн 32 жилийн хугацааны намын тухай хуулийн эрх зүйн орчин нь улс төрийн намын төлөвшилтийг дэмжихгүй байна гэдэг дүгнэлтийг хэлж, цаашид бүртгэлийн тогтолцоог өөрчлөх, бүтэц, зохион байгуулалтыг уян хатан болгох, намын чиг үүргийг тодорхойлох, санхүүжилтийг ил тод болгох, төрийн санхүүжилтийг өрсөлдөөнийг дэмжсэн аргаар шударга хуваарилах, дотоод ардчиллыг дэмжих, хариуцлагын механизмыг сайжруулах, олон нийтийн хяналтад оруулах шаардлага байгааг тэмдэглэсэн.

Нээлттэй нийгэм форумын судлаач, Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг “Улс төрийн санхүүжилтийн эрх зүйн орчин, шинэчлэл” сэдэвт илтгэлээрээ Үндсэн хуульд 2019 онд орсон нэмэлт, өөрчлөлтөд улс төрийн намын төлөвшил, намын системийн хөгжлийг чиглүүлэхэд чухал нөлөө үзүүлэх хэд хэдэн заалт багтсан. Тэдгээрээс намын санхүүжилттэй холбоотой намын хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байна, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно гэж тусгасан заалтыг онцлов. Дээрх агуулгаа тодотгон улс төрийн санхүүжилт нь ардчиллыг санхүүжүүлэх үйл явц байх ёстой талаар мэдээллийг хуваалцлаа. Түүний илтгэлд санхүүжилтийн эх үүсвэрүүд, нэг сонгогчид ногдох сонгуулийн компанит ажлын зардлын хэмжээ, Улсын Их Хурлын гишүүдийн сонгуулийн зардал зэрэг тоон мэдээллүүд дурдагдав. Тэрбээр дүгнэлт болгож нам ардчилсан тогтолцоонд гүйцэтгэх ёстой үүргээ хариуцлагатай гүйцэтгэхэд чиглүүлэх буюу нөхцөлт санхүүжилтийн хөшүүрэг бий болгох, сонгуульд тэгш өрсөлдөх нөхцөлийг сайжруулахын тулд сонгуулийн зардлыг аль болох бууруулах арга хэмжээ авах, эрх баригч хүчний зүгээс төрийн нөөц хөрөнгийг улс төрийн зорилгоор ашиглах байдлыг хянах, сонгуулийн санхүүжилтэд нэр дэвшигчдийн хувийн болон хуулийн этгээдийн хандив аль болох бага, харин сонгогч дэмжигчдийн хандив болон төрийн санхүүжилт аль болох түлхүү хувь эзлэхээр зохицуулах зэрэг цогц арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн.

Илтгэлүүдийн дараа хэлэлцүүлэгт оролцсон улс төрийн намуудыг төлөөлж тус бүр нэг хүн үг хэлж, асуулт, хариулт, санал өрнөлөө. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгах саналаа улс төрийн намууд ажлын хэсэгт бичгээр гаргаж өгөх боломжтой юм.