Тав тухтай, тансаг орчин таны сонголтоор бий болдог
2021.12.09

Тав тухтай, тансаг орчин таны сонголтоор бий болдог

Техник технологи өндөр хөгжиж, завгүй амьдралын хэв маягт нийтээрээ шилжсэн энэ цагт тохилог, тав тухтай орчинд амьдарч, өөртөө болон хайртай хүмүүстээ зориулах хором мөчөө илүү нандигнах болжээ. Тасралтгүй өөрийгөө дайчилдаг, завгүй амьдралын хэв маягаас тасарч, цаг хугацаанд үл баригдах тав тухыг мэдрэх, хэрэгцээ шаардлагад тань нийцсэн үл хөдлөх хөрөнгийг “VIP Expert” сэтгүүлийн зүгээс сонгон санал болгож байна.

Хотын дуу чимээнээс ангид, жилийн дөрвөн улиралд байгалийн үзэсгэлэнт газарт аж төрөх хүсэл эрмэлзэлтэй гэр бүлд хотоос зайтай хотхон тохиромжтой. Цагийн хуваарьт үл баригдаж, хэзээ ч, хаанаас ч ажиллах боломжтой, хувийн орон зайг эрхэмлэдэг хүмүүсийн хэрэгцээнд эзэмшил газартай, хаус хотхон илүү зохимжтой.

Цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг, завгүй амьдралын хэв маягтай гэр бүлийн хувьд хотын төвд байр худалдаж авбал илүү ашигтай. Таны ажил, хүүхдийн тань сургууль цэцэрлэг, томоохон худалдаа үйлчилгээний төв зэрэгт ойр байрласнаар цаг хэмнэх давуу талтай байдаг.  


Хэрэглэгчид үл хөдлөх хөрөнгө худалдаж авахдаа ямар алдаа гаргадаг вэ?

Гэр бүлдээ тохирсон байр сонгож чаддаггүй. Мэргэжлийн агентад хандан өөрийн хэрэгцээ шаардлагаа тодорхойлж, тохирсон байраа зөв сонгож авахын тулд төлөвлөгөө гарган, зорилго тавих хэрэгтэй.

Хэт их яарч шийдвэр гаргадаг. Үл хөдлөх хөрөнгийн талаар сайтар судалж, мэргэжилтнээс зөвлөгөө мэдээлэл авахыг чухалчилж үздэггүй. Зөвхөн сэтгэл хөдлөлдөө эсвэл интерьерт нь автан сонголт хийх нь эрсдэл дагуулдаг.

Хөршүүдийнхээ талаар судлахгүй байрандаа ордог.  Ая тухтай, таатай орчинд амьдрахад таны хөршүүд нөлөөлдөг гэдгийг анхаараарай. 

Баримт бичгийг үл тоомсорлож хэрхэвч болохгүй. Таны худалдан авсан байрны нутаг дэвсгэр газрын маргаантай бол асуудлууд ар араасаа цуварч, тэр хэрээр цаг зав, санхүүгийн хүндрэл үүсэх эрсдэлтэй. 

Гүйцэтгэгч байгууллагын өмнө хэрэгжүүлсэн төсөл хэр амжилттай байсныг судалдаггүй. Өмнөх төслийнх нь орон сууц, хотхоны барилгын чанар хийц, оршин суугчдын сэтгэл ханамжийг нь судалснаар чанаргүй байранд орох эрсдэл багасна. Туршлага дагаж чанар, чанар дагаж үнэ цэн бий болдог гэдгийг санахад илүүдэхгүй. 

Худалдаж авсан байрны гадна орчин ирээдүйд хэрхэн өөрчлөгдөхийг төсөөлөлгүй сонголтоо хийдэг.  Энэ бол зөвхөн цонхыг тань хааж байшин баригдах эсэх тухай асуудал биш юм.Ирээдүйд хотхоны байрлал ашигтай хэвээр байх уу гэдэг ч хамаатай.


Агент юу хийдэг вэ?

Үл хөдлөх хөрөнгийг худалдан авах, борлуулахад агентийн үүрэг их. Ямар нэг ашиг харахгүйгээр таны хайж буй үл хөдлөх хөрөнгийг судалж, танай гэр бүлийн хүсэл сонирхолд нийцсэн байрыг санал болгодог. Тэд мэргэжлийн түвшинд ажиллаж, тухайн үл хөдлөх хөрөнгийн давуу чанар, сул тал, боломж нөөц зэрэг мэдээллийг тантай хуваалцаж, эргэх холбоотой ажилладаг зөвлөгч билээ.

“Century 21 Mongolia” бүсийн эзэмшигч, гүйцэтгэх захирал Карлос Антонио Патино

"Үл хөдлөх хөрөнгийг худалдаж авахдаа хамгийн түрүүнд байршлыг харах хэрэгтэй. Өдөржин ажилласан хүн гэртээ очоод цонхоор юмс үзэгдэл цэлгэр харагдах, их хотын чимээнээс өөрийгөө тусгаарлах гэх мэтчилэн тав тухтай, амрах орчныг эрэлхийлж байдаг. Үүний дараа байрны ухаалаг систем чухал үзүүлэлт болдог. Цахилгаан эрчим хүчний ухаалаг шийдэл, харуул хамгаалалт, автоматжуулалт нь хүнд тансаг орчинд амьдарч буйг нь мэдрүүлдэг. Түүнчлэн өмнө нь ашиглаж байгаагүй газарт шинээр барилга барьж байгаа эсэхийг судлахад илүүдэхгүй. Эрүүл газар байх тусмаа  илүү үнэ цэнтэй гэсэн үг.

Цар тахалтай холбоотойгоор иргэд цахимаар буюу гэрээсээ ажиллах шаардлага бий болсон. Тийм учраас сүүлийн үед хотоос зайтай газарт амины орон сууц худалдаж авах нь түгээмэл байна. Ташрамд дурдахад иргэд үл хөдлөх хөрөнгийн агенттай буюу зуучлагчтай хамтарч ажиллавал цаг заваа хэмнэх, чанартай үйлчилгээ авах, хүссэн байраа олоход илүү дөхөм болдог юм шүү”


Эрхэм хэрэглэгч танд урт хугацаанд үнэ цэнийг бий болгож, мөн чанараа үл алдах, үл хөдлөх хөрөнгө худалдан авахад тус болох зөвлөмжийг хүргэе.

  • Найдвартай үл хөдлөх хөрөнгө зуучлагчийг сонгох
  • Байршлын судалгаа хийх. 
  • Гэр бүлийнхээ ирээдүйн амьдралын хэв маягийг тооцоолж, шийдвэр гаргах     
  • Тухайн байрны эрсдэл болон боломжийг харьцуулах. 
  • Дэд бүтцийн шийдлийг судлах. 
  • Дотоод зохион байгуулалт болон гадна орон зайн төлөвлөлт стандартын дагуу байгаа эсэхийг харах. /ашигтай зай талбай гэх мэт/
  • Дундын эзэмшлийн талбай, ногоон байгууламжийг харьцуулж судлах. 
  • Гүйцэтгэсэн компанийг судлах. Учир нь барилгын чанар байгууллагын нэр хүндтэй холбоотой  байдаг.
  • Худалдаж авах гэж буй байрныхаа үнэ цэнийг тодорхойлох. 
  • Таны сонирхож буй хотхонд IoT технологийг хэр зэрэг шийдсэн эсэхийг хараарай.                  

INTERNET OF THINGS 

Интернетэд суурилсан төхөөрөмжүүдийн шийдлийг “Internet of things” (IoT) гэж нэрлэдэг. Энэхүү ухаалаг шийдэл нь таны амьдралыг хөнгөвчлөх, гэр бүлийнхэнд нь тухтай мэдрэмж төрүүлэх, байрны тань үнэ цэнийг нэмэгдүүлэх зэрэг олон давуу чанартай.  Өөрөөр хэлбэл зөвхөн гар утсаараа гэрийнхээ бүхий зүйлийг хянах боломжтой.


Үл хөдлөх хөрөнгийг ямар үед худалдаж авбал ашигтай байх вэ? 

  • Урьдчилан захиалснаар мкв-ын үнийг хямдруулан мөнгөө хэмнэж болно. Энэ тохиолдолд өөрийн хүссэнээр байрныхаа загварыг захиалах давуу талтай юм.
  • Зах зээлийн өрсөлдөөн багатай өвлийн улиралд авч, эрэлт нийлүүлэлт дээр тоглолт хийж, үл хөдлөхийн үнийг буулгах боломжтой.

Үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулж, бизнес хийх боломжууд

  • Үл хөдлөх хөрөнгийн үнэ нь үргэлж өсөлттэй байдаг. Тиймээс байрлал сайтай газар үл хөдлөх худалдан авч бусдад түрээслүүлж болно.
  • Интерьер засал нь хуучирсан байр худалдаж аваад сүүлийн үеийн тохижилтыг хийж зассанаар үнэ хүргэж зарах боломжтой. Хамгийн чухал нь хөрөнгө оруулалт тань үнэ цэнээ хадгалж чадах эсэхийг сайтар судалж, мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай.
  • Нэр хүндтэй брэндийн барилгын компанийн төслүүдтэй танилцаж, урьдчилан захиалга өгснөөр хамгийн хямд үнээр чанартай үл хөдлөхийг худалдан авах юм. Төсөл ашиглалтад орох үед таны хөрөнгө дор хаяж 20 хувь өссөн байх болно.

Монголын зах зээлд борлуулагдаж байгаа ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ

Сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тохижуулан, тав тухтай, эрүүл аюулгүй байх орчин үеийн нөхцлийг бүрдүүлж чадсан, таны хүсэлд төгс нийцэх тансаг зэрэглэлийн 10 үл хөдлөх хөрөнгийг сонгон танилцуулж байна. Үл хөдлөх хөрөнгийн ерөнхий үзүүлэлтийг дараах хүснэгтээс харьцуулж харна уу.