Б.Бейсен: АН-ын хүсэлтийг Дээд шүүх зөвшөөрөхгүй бол аль нэг намын талд ажиллаж байна гэсэн үг
2021.11.18

Б.Бейсен: АН-ын хүсэлтийг Дээд шүүх зөвшөөрөхгүй бол аль нэг намын талд ажиллаж байна гэсэн үг

УИХ-ын гишүүн Б.Бейсэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ардчилсан намын даргын асуудалд бүлгийн гишүүний хувьд ямар байр суурьтай байна вэ. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг намын даргаар бүртгүүлэхээр Дээд шүүхэд хандсан асуудал хэрхэн шийдэгдэх бол?

-Дээд шүүх энэ удаа шударга шүүх үү, эсвэл аль нэг нам, эвсэлд ажиллаж байна уу гэдэг өөрсдийн нүүр царайг харуулна. Яагаад гэвэл, Монгол Улсын 21 аймаг, 330 сум, есөн дүүргийн Ардчилсан намын дарга нар бүгд тамгатайгаа ирж, өмнөх хурлаа баталгаажуулсан асуудлыг Дээд шүүх зөвшөөрөхгүй бол аль нэг намын талд ажиллаж байна гэсэн үг болно. Тиймээс шат шатны намын дарга нар, намын гишүүд гээд 1300 хүний Их хурлаараа баталгаажуулж, гаргасан шийдвэрийг Дээд шүүх хүлээж авч, шудрагаар шийднэ гэж итгэж байна.  

-Гэхдээ С.Эрдэнэд албан ёсны тамга, тэмдэг нь байгаа гэсэн шүүхийн шийдвэр байдаг байх аа?

-Тэрийг мэдэхгүй юм. Уг нь С.Эрдэнийг АН-ын дарга биш гурван ч удаа үзсэн шүү дээ.

-УИХ 2022 оны улсын нэгдсэн төсвийг баталлаа. Нэлээд өөдрөгөөр төсөөлсөн төсөв болсон гэж гишүүд дүгнэж байна. Таны хувьд ямар төсөв болсон гэж харж байна вэ?

-УИХ-аас ирэх оны төсвийг эцэслэн баталлаа. Ингэхдээ 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталсан.  Уул уурхай, дотоодын орлого, татвараас төсвийн орлогыг бүрдүүлнэ гэж байна. Гэтэл коронавирусийн нөхцөл байдлаас болж манай улс нүүрсээ тогтоосон хэмжээндээ хүргэн гаргаж чадахгүй, 50 хувийг л арай ядан гаргаж байна.

Харин эрүүл мэндийн салбарын хувьд гүйцэтгэлээр санхүүжүүлнэ гэж байгаа. Ингээхдээ, анхан шатны буюу өрхийн, сумын эрүүл мэндийн төвүүдийн Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих хэмжээг нь хоёр дахин нэмэгдүүлсэн.Учир нь, эрүүл мэндийн системд төвлөрөл, оочир, дараалал, хүлээлт их байна. Орон нутгийнхан аймгаас нийслэл рүү, сумаас аймгийн төв рүү эмчлүүлэхээр ирж, нэгдсэн эмнэлгийн ачаал ихэсдэг асуудал бий.

Үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн салбарыг гүйцэтгэлээр санхүүжүүлж, эмийн хангамж, оношлогооний аппарат, тоног төхөөрөмж хүрэлцэхгүй  байгаа асуудлыг Эрүүл  мэндийн даатгалын сангаас санхүүжих хэмжээг хоёр дахин нэмэгдүүлснээрээ шийдэж байгаа. Гэхдээ эрүүл мэндийн салбарыг гүйцэтгэлээр санхүүжүүлэх тодорхой нөхцөл нь бүрдэж чадаагүй байна. Сумын эмнэлгүүд бүрэн тоног төхөөрөмжөөр хангагдаагүй байна. Ялангуяа, эхо, зүрхний бичлэг, зарим газар рентгений аппарат  хангалтгүй байна. Гэхдээ эрүүл  мэндийн яам, Засгийн газар үүнд анхаарч байгаа нь сайн.

-Ковидын нөхцөл байдалтай үеийн төсөв гэдгээрээ эрүүл мэндийн салбарт нэлээд анхаарсан шүү дээ.  Эрүүл мэндийн даатгалын сангийн тухайд хэр анхаарсан бол?

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийн асуудалд коронавирустай холбоотойгоор сөрөг хүчнээс нэлээд асуудал тавьдаг. Тухайлбал, коронавирусийн нэг хүний эмчилгээний анх зардал 8 сая, 4 сая, тэгээд 160 мянган төгрөг болсон. Энэ мөнгө хаачив, сонгуульд  зориулчихав уу гэсэн хардлага бий. 

Нөгөө талаар тооцож үзэхэд, хамгийн өндөр өртөгтэй шинжилгээ буюу MRI  гэхэд 350 мянга, рентген үнэтэй байлаа гэхэд 50 мянган төгрөг, нийт 400 мянган төгрөг болж байна.  Үүн дээрээ эмчилгээ, эмээ  нэмэх л байх. Гэтэл халаалт, цахилгаан оруулсан гэх юм. Энэ нь тэртээ тэргүй тухайн байгууллагын урсгал зардал төсөвт нь тусгасан байдаг шүү дээ.

Үүнээс гадна  гадуур ковидын нэг удаагийн шинжилгээний тестүүдийг  Эм эмнэлгийн хэрэгслийн газраас хориглосон байна. Гэтэл тэдгээр нь олон төрлийн вирусийг нарийвчилж, ялгах 3-5  төрлийн шинжилгээний тест гарсан байна. Тухайлбал, тус тестүүдээр ковид байна уу , хатгаа байна уу, эсвэл ханиад вирус уу гэдгийг нь ялгадаг тест ирсэн байна. Уг нь тус тестүүд байвал иргэд өөрсдөө “Би ковид биш хатгаа туссан байна, эсвэл ханиад юм байна” гэдгээ ялгах боломжтой байсан юм.

-Эрүүл мэндийн багц хуулийн хэрэгжилтийг шалгах ажлыг хэсэг гараад ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын санхүүжилт хоёр дахин нэмэгдсэн ч хүрэх ёстой газраа, эмч ажилтнуудын цалингийн нэмэгдэл болж очихгүй байна гэдгийг ажлын хэсгийн гишүүд мэдээлсэн. Таны хувьд ажлын хэсэгт багтсан гишүүний хувьд энэ талаар мэдэлэл өгнө үү?

-Бид нийслэлийн эмнэлгүүдэд ажилласан. Тухайлбал, өмнөх онд тэрбум төгрөгийн санхүүжилт авсан бол энэ онд 1.8 тэрбум болж нэмэгдсэн жишээтэй. Гэтэл ажилтнуудын авч байгаа цалин хөлс нэмэгдээгүй байна. Эрүүл мэндийн багц хуулийн хэрэгжилтийн асуудлыг зургаан сарын хугацаанд харна. Мөн Засгийн газар, УИХ-д эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэх талаар асуудал тавьж байгаа.

-Эмнэлгүүдэд Төлөөлөн удирдах зөвлөл байгуулж эхэлсэн. Одоогоор Улсын нэг, хоёрдугаар эмнэлэгт байгуулчихсан байна. Төлөөлөн удирдах зөвлөлтэй болох нь эмнэлгүүдэд ямар ач холбогдолтой юм бэ. Зарим хүн эмнэлгүүдийг хувьчилж байна гэж шүүмжлээд байгаа шүү дээ?

-Энэ нь эерэг, сөрөг хоёр талтай. Жишээ нь, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл нь Эрүүл мэндийн яамандаа харьяалагдахгүй, сайдаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүл мэндийн яаманд харьяалагдахгүй эрүүл  мэндийн байгууллага гэж байх ёсгүй. Аль ч улсад эрүүл мэндийн байгууллага салбар яамандаа  харьяалагддаг. Тиймээс Төлөөлөн удирдах зөвлөлийн ажиллах статус, хуулийг нь нарийвчлан тогтоохгүй бол боловсон хувьчлал болж хувирлаа. Төлөөлөн удирдах зөвлөл нь эмнэлгийнхээ бүх асуудлыг мэддэг, төсөв хөрөнгөө зарцуулдаг болчихоод байна.

Нөгөө талаар Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд эмнэлэг дотроос байх байтал гаднаас хүмүүс орж байна. Гаднаас орж болно. Заалт нь тийм байж болно. Гэхдээ энэ асуудлыг хатуу баримтлахгүй бол зөвхөн Төлөөлөн удирдах зөвлөл нь эмнэлгийн асуудлыг мэддэг, Эрүүл мэндийн яамандаа харьяалагдахгүй байвал салбар яам байх ямар хэрэг байна. Гадаадын орнуудад улсын чанартай эмнэлгүүд нь зөвхөн Эрүүл мэндийн яамныхаа харьяанд улсын мэдэлд байдаг. Тиймээс Төлөөлөн удирдах зөвлөл яамтайгаа уялдаатай байж, түүнийхээ харьяанд ажиллавал ач холбогдолтой.