С.Ганбаатар: Рио Тинто шүүх дээр ялагдах болохоороо манайхтай хэлэлцээр хийж байна
2021.11.17

С.Ганбаатар: Рио Тинто шүүх дээр ялагдах болохоороо манайхтай хэлэлцээр хийж байна

 Улсын Их хурлаар хэлэлцэж буй зарим хуулийн төсөл болон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.

-Ирэх оны төсвийг баталлаа. Хэр сахилга баттай төсөв батлагдав?

-Ирэх оны төсвийн орлого талыг дэндүү өөдрөгөөр бодсон. Нүүрс, зэс, алтны үнийг дэндүү өндөр бодож оруулж ирсэн. Хэд хоногийн өмнө гэхэд БНХАУ-д нүүрс 50 хувиар уналаа. Энэ нь манай эдийн засагт нөлөөлнө. Төсвийн алдагдал хоёр их наяд гаруй төгрөг гэдэг бол ард түмний нуруун дээр нэргүй татвар болж очно. Энэ бол маш аюултай зүйл. Хоёрдугаарт, АН-ыг 2012 - 2016 онд засаглаж байхад, МАН-ынхан шүүмжилдэг байсан. “Хүн бүр 15 сая төгрөгийн өрөнд орчихлоо” гэж байв. 

“Чингис” бондын мөнгийг үргүй зарцуулчихлаа гэж шүүмжилж байсан МАН-ынхан өөрсдөө өнгөрсөн жилүүдэд хоёр “Чингис” бондын мөнгө “идчихлээ”. Тэдний тооцооллоор одоо хүн бүр 30 сая төгрөгийн өрөнд орсон. Улсын өр 37 тэрбум ам.доллар байна. Засгийн газрын өр найман тэрбум ам.доллар. Үүнийг засаач гэдэг шүүмжлэлийг би хэлж байгаа. Багш, эмч нарын цалинг нэмэх асуудлыг би гурван удаа хөндөж тавьсан. Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 20 хувь нэмнэ гэдэг хариултыг Эрүүл мэндийн сайд, Сангийн яамны холбогдох хүмүүс өгсөн.

Боловсролын салбарын ажилчдын цалингийн хувьд, багш нарын суурь цалинг нэмнэ гэдэг үг хэлсэн. Хэдэн төгрөгөөр цалингийн фонд нэмэгдэж байгаа вэ гэдэг асуултад “Төсөв нь нэмэгдээгүй” гэж хариулсан. Урамшууллын цалингийн мөнгөө үндсэн цалин дээрээ нэмж тооцохыг цалин нэмж байна гэж ойлгож болохгүй. Тэгэхээр багш нарын цалин нэмэгдсэнгүй. Засгийн газарт энэ нь сөрөг нөлөөтэй шүү гэдгийг анхааруулж байгаа. Учир нь, цалингийн маргаан их гарах магадлалтай боллоо. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар “Ижил хөдөлмөрт ижил цалин олгох тухай” зарчмын шинэ заалт орсон.

Өмнө нь эрэгтэй, эмэгтэй хоёр хүн адилхан ажил хийж байгаа бол ижил цалин олгох тухай жендерийн ойлголт байсан. Одоо бол ижил хөдөлмөрт ижил цалин олгох тухай шинэ заалт хуульд орсон. Хувийн хэвшилд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтан өндөр цалин аваад улсын салбарт ажиллаж буй эмч нар бага цалин авч болохгүй гэдэг санаа хуульд туссан. Хувийн салбарт ажиллаж байгаа багш, уурхайчин өндөр цалин аваад улсын компани, сургуульд ажиллаж буй хүн бага цалин авбал Хөдөлмөрийн хуулиар Засгийн газарт хариуцлага тооцох заалттай. Иймд цалингийн фондоо нэмэгдүүлж, төсвөө бүрдүүл гэдэг асуудлыг би удаа дараа хэлсэн.

Хоёрдугаарт, МҮЭХ-ны удирдлагуудтай төсөв батлахаас өмнө цалингийн хамтын гэрээгээ хийсэн үү гэдгийг хөндөж тавьсан. Төсөв батлагдсаны дараа хөдөлмөрийн маргаан үүсвэл МҮЭХ-той ойлголцолд хүрээгүй Засгийн газар, салбарын сайд буруудна шүү гэдгийг хэлж байсан. Ийм хоёр зүйлийг цалингийн асуудал дээр хэлсэн ч анхаарсангүй.

-Та түрүүн улсын өрийн тухай ярилаа. Монгол Улс өрнөөс өр л тавьж ирлээ. Цаашид өрийн хэмжээг бууруулахын тулд ямар менежмент хэрэгжүүлэх ёстой вэ?

-Өр тавиад улсыг удирддаг бол дөрөвдүгээр ангийн хүүхэд ч энэ ажлыг хийж чадна. Үүнээс гарах ганцхан арга бий. Нарантуул дээр ажиллаж буй наймаачид, малчдаас улс татвар аваад өрнөөс гарахгүй. Багш, эмч нар, найман нэрийн барааны дэлгүүрийн эзнээс өндөр татаас авснаар өрнөөс гарахгүй. Харин уул уурхайн баялгийн үр шимээр өрнөөс гарна. 

Уул уурхайн баялгаас улстөрчид хулгай хийхээ зогсоо. “Чонотой нийлсэн нохой шиг” гадныхантай нийлсэн манай улстөрчдийн луйвар хэрээс хэтэрлээ. Монгол Улс өрнөөс гаръя гэвэл Оюутолгойн гэрээгээ шинэчилж, Монголд ашигтай болгох явдал юм. Үүний төлөө би 17 жил тэмцэж байна. Анх би 34 настай өлсгөлөн зарлаад, зохион байгуулаад явж байсан. Оюутолгойн гэрээг өөрчлөх нь монголчуудыг мөнгөтэй болгох, өрнөөс салгах, сургууль, цэцэрлэгтэй болох том боломж. Энэ асуудал дээр Монголын ард түмэн намайг дэмжиж байгаад баярладаг. Оюутолгойн гэрээг сайжруулах тал дээр Х.Нямбаатар сайд хичээж ажиллаж байгаа гэдгийг албан ёсоор хэлье.

-“Рио Тинто” компаниас дөрвөн асуудал бүхий саналыг Засгийн газарт ирүүлсэн. Тод­руулбал, Монголын талын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.дол­ларын өрийн 70 хувийг тэглэх, далд уурхайн бүтээн бай­гуулалттай холбогдуулан нэг их наяд буюу 350 сая гаруй ам.дол­ларын санхүүжилт үзүү­лэх зэрэг санал тавьсан. Энэ санал Монголын талд хэр ашигтай вэ?

-Хэлэлцээр хийж байгаа нь нааштай зүйл. Өмнө нь дэд биднийг “гөлөг” ч гэж тоо­доггүй, хэлэлцээрийн ширээний ард суудаггүй байсан. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, төрийн өндөрлөгүүдийг нь тэд худалдаад авчихдаг байв. Харин Х.Баттулга Ерөнхийлөгч, У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байхдаа энэ гэрээний хэлэлцээр хийх ажлыг наашлуулсан шүү. Би хэдий шүүмжилдэг ч сайн зүйлийг үнэнээр нь хэлнэ. Засгийн газар маш сайн, шударга хуулийн ферм хөлсөлж авснаараа таван улсын шүүх дээр Монгол Улс ялах байдалд орсон байгаа. Энэ ажил дээр Б.Солонго ч  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга байхдаа сайн ажилласан. Шүүх, прокурор, АТГ, төрийн байгууллагын албан хаагчид ч эх оронч сэтгэлтэй ажилласан.

Шүүх дээр ялагдах болохоороо Рио Тинто манайхтай хэлэлцээр хийж байна. Харин тэдний тавьж буй санал, өгөх гэж буй мөнгө бол “угаадас”, доромжлол. Рио Тинто бидний баялгийг үнэгүй авчихаад, хөрөнгө оруулалт татахын тулд хүүтэй зээл авсан. Оюутолгойн ордыг үнээгээр жишиж үзье. Рио Тинто гэдэг гадаадын иргэн манай үнээг ирж саагаад, түүнээс 100 литр сүү гаргаж авсан. Тэр сүүний 34 хувийг бид хүүтэй нь худалдаж авч байгаа.

Тэгэхээр баялгаа өөрөө өөрөөсөө худалдаж авсан зээлийн хүү нь 2.3 тэрбум ам.доллар болсон байна. Түүний 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг тэглэе гэж байгаа. Цаана нь 700 сая гаруй ам.долларын өр үлдэнэ гэсэн үг. Дахиад энэ нөхдүүд биднээс 50 жил мөнгө хүүлэх нь. Би хэрхэвч үүнийг зөвшөөрөхгүй. Эрдэнэт үйлдвэрийн жишээг авч үзье. Бид Эрдэнэтээс гарч байгаа баялгийн 50 хувийг авна гэж гэрээ байгуулсан. Тэр 50 хувийг эзэмшихдээ Монгол Улс нэг ч төгрөг зарцуулаагүй. Гэтэл Оюутолгой ордын хувьд, бид 100 хувь баялгаа өгөөд баялгаас гарсан үр шимийн 34 хувийг хүүтэй мөнгөөр худалдаж авна гэдэг байж болохгүй зүйл. Харин Монгол Улс энэ алдаатай заалтаас болж хохирсон хохирлоо нэхэмжлэх ёстой.

Рио Тинто мөн нэг их наяд төгрөг өгье гэсэн санал тавьсан. Энэ бол доромжлол. Гуйлгачинд юм өгөх гэж байгаа юм шиг нэг их наяд төгрөгөөр харж үзэх гэж байгаа бол Рио Тинто андуурч байна. Монголын ард түмэн гуйлгачин биш. Монголын ард түмэн баялгийн эзэн. Манай баялгаар түшиглэж буй бизнест бид шударга хамтрагчаар оролцмоор байна. Бид шударгаар ашгаа хүртэх ёстой. Гэрээнд байгаа шударга бус зүйлийг засъя гэдгийг хэлэлцээр дээр ярих санал тавьсан. Өөдөөс тэд гуйлгачинтай ярьж байгаа юм шиг загнах явдал нь хэрхэвч тэвчишгүй зүйл.

-Виртуал хөрөнгийн үйлчил­гээ үзүүлэгчийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхэллээ. Эрх зүйн зохицуулалтыг хэрхэн тусгах ёстой вэ?

-Хүмүүсийн мөрөөдөл, ядуу байдал дээр нь дөрөөлж, хэн нэгэн хулхин дээр нь цэцэг ургуулагч, үлгэр зохиогч нар баяжиж, иргэдийг хохироож болохгүй. Энэ асуудалд анхаарах нь төрийн үүрэг. Төрийн үндсэн үүрэг юу гэхээр иргэдийн эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах явдал юм. Хэн нэг хүн ямар ч дүрэм, журамгүйгээр койн гэдэг үлгэр яриад, ард түмний байшин барилга, хашаа байшин, автомашинаар тоглоно гэдэг бол төр Үндсэн хуулиар хүлээсэн эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үүргээ эс үйлдэхүйгээр биелүүлэхгүй байна гэсэн үг. Төр зохицуулалт хийх ёстой. Энэ луйварчдад гишгэх газар өгөхгүй байх нь төрийн үндсэн үүрэг.

-УИХ-ын чуулганаар Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?

-Хууль хоёрдмол утгатай, дутуу дулимаг хууль гарснаар түүнийг хэрэгжүүлж байгаа төрийн албан хаагчид төрийн үйлчилгээгээ авья гэсэн иргэдэд хуулийг ашиглаж, үгүй гэж хэлж гаршсан. Энэ хууль сөрөг хүчинд хэрэгтэй гэхээсээ илүү, эрх баригчдад бүүр хэрэгтэй. Өөрсдийнхөө “хорт хавдар”-ыг эрт илрүүлж, дархлаагаа сайжруулах хууль. Төр засагт гомдол гаргаж үйлчилгээгээ авах гэсэн иргэдийн хүч хүрдэггүй. Энэ бол сонгогчдын эрхийг онцгой хамгаалж байгаа хууль. Парламент үүнийг 30 жил хэрэгжүүлж чадаагүй учраас бидний нэр хүнд унадаг.

Нотлох баримт өгөхгүй, худал мэдээлсэн тохиолдолд хариуцлага тооцно гэж хуулийн төсөлд заасан байна. Яг ямар хариуцлага тооцох вэ гэдгийг тодорхой болгож өгөх ёстой. Мөн шинжээчийг яаж сонгох вэ. Шинжээчийн өртөг, зардлыг хаанаас яаж гаргах вэ гээд анхаарах зүйлүүд хуулийн төсөлд байна. 

Хуулийн хэрэгжилтийг фэйсбүүкээр л ярьдаг улс болоод хувирчихсан байна. Энэ хуулийг үүнээс гарах гарц гэж би бодож байна. Хуулийн төсөл батлагдсанаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг бодитой, үр нөлөөтэй хянах, төрийн эрх мэдэл хоорондын хяналт-тэнцлийг хангаж, УИХ-д итгэх ард түмний итгэлийг нэмэгдүүлэх, хууль тогтоох байгууллагын хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих тогтолцоо, механизмыг уялдуулан системчлэх, сайжруулах нөхцөл бүрдэх ёстой.

-Танай намын их хурлаа саяхан хийсэн. Ардчилсан нам цаашид хэрхэн шинэчлэгдэх ёстой вэ?

-АН ганцхан шинэчлэл хийх ёстой. Ардчиллын нэрийг барьж баяжсан хэдэн нөхөд АН-ын эзэн биш.

 АН-ын эзэд бол гишүүд нь. Намын шийдвэр гаргагчид нь гишүүд байх ёстой. Гишүүд нь шийдвэр гаргаж, хяналт тавьдаг байх хэрэгтэй. Аливаа намын амин сүнс нь ийм байх ёстой. АН ийм нам болж чадах эхлэлээ тавьж чадсан гэдэгт итгэлтэй байна. Гишүүд нь хамтаараа асуудлаа шийддэг байх соёл нь АН-ыг аварна.

-Улс төрийн намын тухай хууль, Намын санхүүжилтийн тухай хуулийг энэ намрын чуулганаар хэлэлцэнэ. Улс орны хөгжлийг зөв авч явах улс төрийн намыг төлөвшүүлэхэд ямар эрх зүйн өөрчлөлт хэрэгтэй вэ?

-Намын тухай хуулийн хамгийн чухал зүйл нь гишүүд татвараараа намаа тэжээдэг байх ёстой. Хэн нэг олигарх, баян хүнээс нам хамааралтай байж болохгүй. Ийм зохицуулалтыг хуульд тусгаж өгөх ёстой.