Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2021.10.28

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.10.27) хуралдаан минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэхээр тогтлоо.

Ажлын хэсэг байгуулав

Хуралдаанаар эхлээд Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ажлын хэсгийг ахлуулж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Ё.Баатарбилэг, Б.Пүрэвдорж нарыг томилох Байнгын хорооны тогтоолын төслийг Ж.Мөнхбат дарга танилцуулж, санал хураалт явуулсан. Хуралдаанд оролцсон 11 гишүүний 54.6 хувь нь дэмжснээр ажлын хэсгийг дээрх бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулав

Дараа нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар танилцууллаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн, Ё.Баатарбилэг, Б.Ганболд, М.Оюунчимэг, Ц.Мөнх-Оргил, Б.Пүрэвдорж, Н.Энхболд нар ажиллаж байгаа юм.

Ажлын хэсэг нийт дөрвөн удаа хуралдаж, ажлын хэсгийн гишүүд болон дэд ажлын хэсгээс гаргасан саналуудыг томьёолон, зарчмын зөрүүтэй 10 саналыг бэлтгэжээ. Ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаанд ажлын хэсгийн гишүүн Б.Ганболд хуулийн төсөлтэй холбоотой хэд хэдэн санал танилцуулсан бөгөөд дэд ажлын хэсэг тухайн саналуудаар холбогдох зарчмын зөрүүтэй санал боловсруулж, ажлын хэсэгт танилцуулахаар ажиллаж байгааг танилцуулгадаа Ж.Сүхбаатар гишүүн дурдлаа. Ажлын хэсэг төслийн зүйл, заалт бүрийг нарийвчлан судалсан бөгөөд хэд хэдэн асуудалд анхаарал хандуулан ажилласан байна. Тухайлбал, Улсын Их Хурлын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх зарчим, хяналт шалгалтын хүрээ, хязгаар, үр дүн, хяналт шалгалтын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, тайлан, илтгэл, мэдээлэл хэлэлцэх, сонсох асуудлууд, төсвийн хяналтын сонсгол, нэр дэвшигчийн сонсголын зохицуулалтууд холбогдох хууль тогтоомжтой нийцэж буй эсэхийг чухалчлан үзсэн байна. Мөн Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны үйл ажиллагаатай хэрхэн уялдах, давхцал үүсэх, эсэх асуудлаар, хянан шалгах Түр хорооны асуудлууд, Улсын Их Хурлын хяналт шалгалтад зориудаар саад учруулсан худал мэдээлснээс үүдэх хариуцлагын асуудлуудад ажлын хэсэг төвлөрч, анхаарал хандуулжээ. Үүний зэрэгцээ өнөөдөр буюу 2021 оны аравдугаар сарын 27-ны өдөр төрийн бус байгууллагуудаас хуулийн төсөлтэй холбоотой саналуудыг ирүүлээд байгаа гэв.

Хуулийн төслийн зохицуулалт нь Улсын Их Хурлын гишүүн нэг бүрд хамааралтай, баталсан хууль тогтоомж бүрийнхээ биелэлтийг хянан шалгаж, хэрэгжилтэд хяналт тавьдаг тогтолцоог бий болгох, Улсын Их Хурлыг парламентын хөгжлийн дараагийн шатанд гаргах зорилготой учир нухацтай хандах ёстой гэдэг байр суурьтай байгаагаа Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар танилцуулгынхаа төгсгөлд нь хэллээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах” тухай зохицуулалт бүхий 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ”, 39.11-т “Гишүүн хуулийн төслийн тухайн зүйлтэй холбогдуулан хууль санаачлагчаас болон бусад оролцогчоос асуулт асууж болно” хэмээн заасан байдаг. Энэ талаар Байнгын хорооны дарга танилцуулаад, төслийг зүйл бүрээр нь хэлэлцэв.

Төслийн эхний гурван зүйлтэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бол “Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх зарчим” гэсэн 4 дүгээр зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд асуулт асууж, тодруулга хийлээ. Энэхүү хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлын хүрээнд боловсруулан, хэлэлцүүлж буй, томоохон зохицуулалт бүхий төсөл тул тун нухацтай ажиллах шаардлага бий гэдгийг тэрбээр тодотгов. Төрийн эрх мэдлийн салбар хоорондын харилцаа, үүрэг хариуцлагын ялгаа, заагийн асуудлыг нарийн авч үзэх ёстой учраас ажлын хэсэг дээр өнөөдрийн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг эхлүүлж, боловсруулсан зарчмын зөрүүтэй эхний саналуудаараа санал хураалт явуулан шийдвэрлүүлээд, дахин ажлын хэсэг хуралдах шаардлага бий гэдгийг хэллээ. Дараа нь төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар дахин үргэлжлүүлэн явуулахаар ажлын хэсгийн хүрээнд ярилцсан бөгөөд энэ нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг зөрчихгүй гэдэг дүгнэлтийг холбогдох талууд гаргасан гэдгийг хэллээ.

Ийнхүү уг саналыг Байнгын хороо зөвшөөрсөн тул үргэлжлүүлэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах” тухай зохицуулалт бүхий 39 дүгээр зүйлийн 39.29-д “Энэ хуулийн 39.25, 39.27-д заасны дагуу тусгайлан судалгаа, үр нөлөөний үнэлгээ хийлгэх, эрх зүйн дүгнэлт гаргуулах, олон нийтийн хэлэлцүүлэг, нийтийн сонсгол зохион байгуулах бол анхны хэлэлцүүлгийг түр хугацаагаар хойшлуулж болно” гэж заасны дагуу Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг түр хугацаагаар хойшлуулах горимын санал гаргав. Уг саналтай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ажлыг хэсгийг үйл ажиллагаагаа идэвхжүүлэхийг сануулсан бол Д.Тогтохсүрэн гишүүн төслийн 5, 6 дугаар зүйлийг хэлэлцүүлэгт бэлтгэхдээ онцгой анхаарч, шаардлагатай бол мэргэжилтнүүдийг тусгайлан ажиллуулах нь зүйтэй гэдэг саналыг хэллээ. Ингээд Ж.Сүхбаатар гишүүний гаргасан горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 15 гишүүний 9 нь дэмжиж, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг түр хугацаагаар хойшлуулахаар боллоо.