“Улаанбаатарт тавтай морил” арга хэмжээний үеэр сайн дурын ажилтнууд хөтчөөр ажиллалаа
Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн Засгийн газар, УОК-оос оюутан, залуусын танхимын сургалтыг өнөөдөр эхлүүлж буй.
Тэгвэл НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс болон Цэргийн штаб, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран шинэ оюутнуудад зориулан “Улаанбаатарт тавтай морил” арга хэмжээг зохион байгууллаа. Тодруулбал, 100 гаруй сайн дурын ажилтан болоод дүйцүүлэх албаны алба хаагч нар хөтчөөр ажиллан, оюутнуудад зориулсан гарын авлага тараан, хэрхэн хотын соёлтой иргэн байх тухай уриа лоозон барьсан байв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар их сургуулиудын гудамжаар алхан, оюутан залуустай уулзсан юм. Мөн шинэхэн оюутнуудад тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг сонсон, тэдэнтэй ярилцлаа. Хотын дарга “Улаанбаатар хотын гол дүр төрх, өнгө зүсийг тодорхойлогчид бол оюутан, залуус. Тиймээс залуустаа хандсан уриалга, залуус руу чиглэсэн бодлого гаргах, тэдний оролцоог нэмэгдүүлэх, зөв талаас нь дэмжлэг үзүүлэх ёстой. Энэ хүрээнд НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс залуус руу чиглэсэн Улаанбаатарын соёлтой иргэн байх уриалгыг гаргаж байгаа. Өнөөдөр хотод оюутан болж орж ирсэн залуус дөрвөн жилийн дараа боловсролтой, хотын соёлтой, хотоо хайрладаг болж төлөвшөөсэй гэж бодож байна” гэв.
Жил бүрийн намар 70-80 мянган оюутан орон нутгаас нийслэлд ирдэг. Үүнээс 20 мянга орчим залуус шинээр оюутан болж ирдэг байна. Иймээс шинэхэн оюутнууддаа зориулан “Улаанбаатарт тавтай морил” уриан дор хотын соёлын талаар товч мэдээлэл өгөх, номын сангуудын хаяг байршил, хэрэгцээт утасны дугаар, цагийн ажлын биржийн мэдээлэл болоод бусад шаардлагатай төрийн үйлчилгээг авч болох аппликэйшнүүдийг татаж авах бар кодыг багтаасан гарын авлага тараалаа.
Энэ үеэр НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү “Хэвлэмэл гарын авлагыг бүх залууст тараах боломжгүй тул цахим хэлбэрээр залуустаа түгээх болно. Өнөөдрийн арга хэмжээ бол оюутан залуус руу чиглэсэн үйл ажиллагааны нэгээхэн хэсэг юм. Цаашид залуучуудын холбоо, оюутны холбоодтой хамтран олон ажил хийнэ” хэмээлээ.
“Оюутан, залуус, үеийн найзууд маань үнэхээр соёлтой, боловсон болсон байна. Бидний тарааж буй материалыг маш уриалагхан авч, нэг бүрчлэн уншиж байгаа нь үнэхээр урамтай санагдлаа” хэмээн сайн дурын ажилтнууд сэтгэгдлээ хуваалцаж байв. “Хотын соёлтой иргэн байна гэдэг гудамж талбайд нус, цэрээ хаядаггүй, харилцааны соёлтой, нэг нэгэндээ тусархуу байхыг хэлнэ. Шинэхэн оюутнуудад хэрэгтэйгээс гадна хоёр, гуравдугаар курсийн оюутан залуус бидний тэр бүр мэддэггүй, хэрэгтэй утасны дугаар, хаяг байршлуудыг нэгтгэн хүргэж байгаа нь маш их таалагдаж байна” хэмээн Этүгэн их сургуулийн хоёрдугаар курсийн оюутан Э.Жавхлантөгс “Улаанбаатарт тавтай морил” гарын авлагын талаар ярьж байлаа.