БНСУ-ын талаас зөвшөөрвөл энэ сарын 10-наас эхлэн УБ-Сөүл чиглэлийн нислэг хэвийн үйлдэгдэх нөхцөл бүрдэнэ
Өнгөрсөн долоо хоногт БНСУ-д суралцах хүсэлтэй болон Солонгос хэлний түвшин тогтоох /ТОПИК/ шалгалтад бэлдэж буй оюутан залуусаас хүсэлт ирүүлсний дагуу УИХ-ын гишүүн Ч.Ундрам БНСУ-аас Монгол улсад суугаа элчин сайдтай уулзсан билээ.
Уулзалтаар БНСУ-ын Их сургуульд өндөр шалгуур давж тэнцсэн боловч Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэг хойшилсонтой холбогдуулан тогтсон хугацаандаа Солонгос улсад очиж чадахгүй болж, улмаар элсэлтээ цуцлуулах хэмжээнд хүрээд буй оюутан залуусыг анхааралдаа авч шуурхай арга хэмжээ авч, асуудлыг нааштайгаар шийдэж өгөхийг Ч.Ундрам гишүүний зүгээс хүссэн.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам, БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд И Ёон Хунтай уулзах үеэр
Ч.Ундрам гишүүний уг хүсэлтийг БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд И Ёон Хун БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яам болон хорио цээрийн албанд уламжилсан аж.
Улмаар 9 дүгээр сарын 10-с эхлэн нислэг хүлээн авахаар зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргах боломжтой болсныг мэдэгдлээ.
Тус улсаас 09 сарын 14 хүртэл УБ-Сөүлрүү чиглэсэн онгоцыг хойшлуулах төлөвлөгөөтэй гэдгээ танилцуулж байсан юм. Ийнхүү нислэг хүлээн авах зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах боломж нээгдсэн учир өнөөдрөөс эхлэн Монголын агаарын тээврийн компаниас зөвшөөрөл авах хүсэлт гаргаж эхэллээ. Хэрэв БНСУ-ын талаас зөвшөөрвөл энэ сарын 10-наас эхлэн УБ-Сөүл чиглэлийн нислэг хэвийн үйлдэх нөхцөл бүрдэх юм.
Мөн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт /ТОПИК/-ыг товлосон хугацаандаа амжилттай зохион байгуулахад анхаарч ажиллахыг хүссэн хүсэлтийн дагуу 10 дугаар сард ямар нэгэн байдлаар хойшлогдохгүй тогтсон хугацаандаа зохион байгуулна гэдгийг БНСУ-ын Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга албан ёсоор мэдэгджээ.