З.Төмөртөмөө: Түгжрэл бууруулах таван цогц арга хэмжээ бодлогын хувьд том өөрчлөлт авчирна
2021.08.25

З.Төмөртөмөө: Түгжрэл бууруулах таван цогц арга хэмжээ бодлогын хувьд том өөрчлөлт авчирна

ХОТЫН ДАРГЫН ХЭЛСНЭЭР 2024 ОН ХҮРТЭЛ ТОДОРХОЙ ТҮВШИНД ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛНА

Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөөтэй Улаанбаатар хотын өвлийн бэлтгэл ажил, агаар, орчны бохирдол, түгжрэл бууруулах арга хэмжээ зэрэг цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Цаг агаар хүйтэрч байна. Улаанбаатар хотын өвлийн бэлтгэл хэр хангагдаж байна вэ?

-Улаанбаатар хотын өвлийн бэлтгэл сайн хангагдаж байна. Нийслэлийн зүгээс сайжруулсан түлшний тээвэрлэлтийг хариуцдаг. Борлуулагчдын урамшууллыг олгодог. Түлш хадгалж байгаа агуулахуудыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр шийддэг. Одоогоор дүүрэг болгонд сайжруулсан түлш хадгалах агуулахуудыг түрээслэсэн, түлшээ стандартын дагуу хадгалж чадахаар боллоо. Хүйтрээд хэзээ ч түлш түлнэ гэсэн борлуулалтын цэгүүд бэлэн, бэлтгэл ажлууд хангагдсан байна.

Бусад инженер, техникийн, шугамын ажлууд зэргийг аль зургаадугаар сараас бэлтгэж эхэлдэг. “Тавантолгой түлш” компани өнөөдрийн байдлаар 17660 тонн сайжруулсан түлшний нөөцтэй байгаа бол сайжруулсан түлшний түүхий эд болох мидлингийн 209 мянган тонн нөөцтэй байна. Энэ нөөцөөр 200 мянга орчим тонн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно. “Тавантолгой түлш” компани өдөрт 1500 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Ирэх сарын 15-ны байдлаар 53 мянга орчим тонн сайжруулсан түлшээ үйлдвэрлэнэ. Есдүгээр сарын сүүлч, аравдугаар сарын эхээр өвөлжилтийн бэлтгэлээ хангаж бүрэн дуусна.

-Сайжруулсан түлшний 50 хувийн хөнгөлөлтийг энэ өвөл ч гэсэн олгох уу?

-2020 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор шахмал түлшний үнийг 50 хувь хөнгөлсөн. Энэ онд Засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулснаар 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл сайжруулсан түлшний 50 хувийн хөнгөлөлт хэвээр байгаа. Иргэд энэ өвөл ч түлшээ 3750 төгрөгөөс тал хувийн хямдралтай авна.

-Сайжруулсан түлш борлуулах цэг нэмэгдэх үү?

-Ажлаа аваад удаагүй байхдаа сайжруулсан түлш борлуулдаг 416 цэгийг 689 цэг болгож нэмсэн. Уулын өндөрлөгт амьдардаг машингүй иргэд, өндөр настай хүмүүс өвлийн хүйтэнд уулнаас бууж түлшээ аваад буцаж өгсөх хэцүү. Тиймээс борлуулалтын цэгүүдийг иргэд рүү ойртуулсан юм. Өндөрлөг цэгүүд дээр нийт 67 сайжруулсан түлшний борлуулалтын цэг байгуулсан. Энэ өвөл ч гэсэн сайжруулсан түлшний цэгийг нэмэгдсэн тоогоор нь ажиллуулна. Сайжруулсан түлшийг зөв түлэх дадал зуршлыг нийслэлийн хэмжээнд 4500 орчим ажилтан сайн дурын үндсэн дээр халдвар хамгааллын дэглэм сахин хийдгээрээ хийгээд явна.

-Түлшний картыг яаж олгох билээ?

-“Нэг өрх-нэг карт” аяныг хэрэгжүүлнэ. Өмнө нь сайж­руулсан түлш олгох картыг хэт замбараагүй тараасан байсан. Саяхан нийслэлийн Мэдээлэл, технологийн газартай хамтарч түлшний картыг бүртгэлжүүлэх ажлыг хийсэн. Судалгаагаар 2-3 түлшний карттай айл өрх олон байсан. Тиймээс 220 мянган өрхөд тус бүрчлэн нэг карттай байхаар тулгаж олгоно. Одоогоор 150 мянган картыг бүртгэлжүүлээд, бусдыг нь хүчингүй болгосон. Нэг өрх нэг түлшний карттай байх нь олон талын ач холбогдолтой. Тухайлбал, ченжүүд сайжруулсан түлшийг их хэмжээгээр авах, нөөцлөх, үнэд хүргэж зарах зэрэг нийлүүлэлтийн асуудлыг цэгцэлнэ.

-Зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр жилд 600 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай гэдэг. Сайжруулсан түлшний үйлдвэрүүдийн засвар, шинэчлэл, хүчин чадал хангалттай болсон уу?

-Зүүн бүсийн үйлдвэр ажилчид нь суурьшин амьдрах боломжтой цогцолбор хэлбэрийн анхны үйлдвэр. Үйлдвэрийн барилга угсралтын ажил дууссан. Үйлдвэрийн шинэ тоног төхөөрөмж Баруун бүсийн үйлдвэрээс харьцангуй дэвшилтэт бөгөөд ихэнхийг Солонгос улсаас авч байгаа гэж “Тавантолгой түлш” компаниас тайлбарлаж байгаа. Зүүн бүсийн үйлдвэрийн тухайд үйл ажиллагаа жигдрэх зарим ажил л үлдсэн байна.

Баруун, зүүн бүсийн хоёр том үйлдвэрийг нэгтгэхгүй болсон боловч Зүүн бүсийн үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаад ирэхээр нийслэлийн зүүн хэсгийн түлш хангалт хэд дахин сайжирна. Түүнчлэн Налайх дүүргийг агаарын чанарын бүс болгож, сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг болгохын тулд нийслэлээс санал гаргаж, холбогдох хурлаар дэмжигдсэн. Засгийн газрын хурлаар энэ асуудал орох гэж байна. Хотын зүгээс барьж байгаа бодлого гэвэл Налайх дүүргийг сайжруулсан шахмал түлш хэрэглэх ёстой гэж үзэж байгаа. Ингэж байж Багануур, Багахангай зэрэг нийслэлийн алслагдмал дүүргүүд ч шахмал түлш түлэх боломжтой болох юм.

-Удахгүй утааны асуудал яригдана. Агаарын бохирдлыг бууруулахад ямар төлөвлөгөө байна?

-2018 онд Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, үр дүнд нь утаа 50 хувь буурсан. Өнөөгийн нөхцөлд агаар, орчны бохирдлыг үе шаттай бууруулахад сайжруулсан түлш хамгийн гол хэрэглээ. Үүнээс гадна гэр хорооллын 220 мянган өрхийн яндангийн тоог бууруулах, дэд станцууд байгуулж, төвийн дулаанд гэр хорооллын өрхүүдийг холбох, түүхий нүүрс хэрэглэдэг аж ахуйн нэгжийг багасгах, цахилгаан, хийгээр халаах гэсэн ажлууд хийдэг.

-Жилийн жилд шингэрүүлсэн хийн түлш буюу газын хэрэг­лээ, цахилгаан халаалт зэрэг халаалтын төрөл бүрийн аргаас туршиж ирсэн. Энэ жил хэрэг­лээнд нэвтэрсэн шинэлэг, үр дүнтэй технологи туршсан уу?

-Төвийн дулаанд холбогдох боломжгүй алслагдсан сургууль, цэцэрлэгүүдэд газрын гүний дулаан гэсэн шинэ технологийг нэвтрүүлэх гээд эхний ээлжид Чингэлтэй дүүргийн 83 дугаар цэцэрлэгт ажил өрнөж байна. Газрын гүний дулаан бол гаднын орнуудад элбэг хэрэглэдэг, Монголын хувьд шинэ технологи. Цахилгаанаар 3-4 айлын хаус халаахад нэг сая төгрөг гардаг байлаа гэж бодоход газрын гүний дулаанаар хаус халаавал 350-450 мянган төгрөг болно.

Дулааны төлбөрийг зургаа дахин хэмнэх боломжтой технологи юм. Жишээлбэл, “Асем вилла” газрын гүний дулаанаар халдаг. Үүнийг ашиглахад зөвхөн газрын гүнээс дулааныг татах зардал л орно. Газрыг 400-500 метрт өрөмдөөд газрын гүнд байгаа дулааныг ашиглаж байшинг халаана. Энэ системийг Дэлхийн банкны Цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төслөөр хэрэгжүүлж байгаа. Одоо эхэлж байгаа улсын цэцэрлэгийн туршилт амжилттай хэрэгжвэл ирэх жилээс алслагдсан сургууль, цэцэрлэгүүдээ үе шаттай газрын гүний дулаанд холбоно.

-Хийн түлшний хэрэглээ одоогийн манай нөхцөлд тохиромжтой юу?

-Өнөөдрийн түвшинд сайжруулсан түлш хэрэглэх нь хамгийн зөв зохицуулалт. Гэвч дандаа энэ хэвээрээ байхгүй. Хийн хэрэглээний тухайд зөвлөмж зааврын дагуу хэрэглэж сурах нь хамгийн чухал асуудал болдог. Орос, Монголын талаас “Сибирийн хүч-2” төслийн ТЭЗҮ хийгдэж, ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. Энэ хийн хоолой ороод ирвэл газ хэрэглэх тухайд яригдаж болно.

-Орчны бохирдлыг бууруулах тал дээр ямар ажлууд хийж байгаа вэ?

-Дотоод болон гадаад орчны бохирдлын асуудал дээр Газрын тухай хуулийн хариуцлагын гэрээг жил бүр байгуулдаг. Хуулиараа аж ахуйн нэгж, байгууллага ойр орчмын 50 метрийн газрыг хариуцаж, ая тухтай орчин нөхцөлтэй байлгах тухай заалт бий. Энэ хүрээнд дүүрэг болгонд чиглэл өгсөн.

Хотын зүгээс нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж, байгууллагуудын зөвшөөрлийн асуудал, төрийн эрх мэдэлтэй хүмүүсийн зан харилцаа зэрэг иргэд, аж ахуйн нэгжийн цагийг үрдэг, бухимдал үүсгэдэг асуудлыг шийдвэрлэе. Хариуд нь аж ахуйн нэгжийн зүгээс нийтийн эрх ашгийн төлөө нийтийн эзэмшлийн талбай, аж ахуйн нэгжийн эргэн тойрноо ая тухтай байлгаач гэсэн шаардлага тавьж байгаа. Төр үйлчилгээгээ ил тод, нээлттэй, зөвлөн тусалсан байдлаар хүргэе. Аж ахуйн нэгж, байгууллагууд бас хотын тохижилт, ая тухтай байдалд тусал гэж байгаа юм.

Энэ байдлаар нийгмийн хариуцлагын хүрээнд санаачилгатай байгаа газруудтай хотын удирдлагуудын зүгээс биечлэн очиж уулзаж, харилцаж байгаа. Жишээлбэл, “Мишээл экспо” компани 11 га-д нийгмийн хариуцлагын хүрээнд тохижилтын ажил бичил цэцэрлэгт хүрээлэн хийсэн. Ингэхэд хотын удирдлагууд компанитай очиж уулзаад цэцэрлэгт хүрээлэнгийн газраас ашиглаад явахыг зөвшөөрнө, эргээд тэндээ арчилгаа, хамгаалалтаа сайн хийгээрэй гэсэн байдлаар харилцан тохиролцсон. Нийгмийн хариуцлагын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг компаниудтай хотын зүгээс нээлттэй хамтарч, дэмжиж ажиллана.

Есдүгээр сарын 15-наас дүүрэг, нийслэлийн төлөөлөгчид иргэдтэй уулзах зөвлөлдөх санал асуулга хийдэг болно. Зөвлөлдөх ардчиллын зарчмаар бүх мэргэжлийн иргэдийн төлөөлөл дүүрэг, нийслэлийн төлөөлөгчдийн хуралд оролцож, яг тэр газарт хэрэгтэй бүтээн байгуулалтын саналыг хэлнэ гэсэн үг. Иргэдтэйгээ зөвлөлдөж байж Улаанбаатар хот дараа дараагийн шийдвэрүүдийг гаргаж явна.

-Сүүлийн үед та нийслэлийн зуслангийн бүсэд анхаарч ажиллаж байна. Зуслангийн бүсэд ямар асуудлууд байна?

-Нийслэлийн зуслангийн бүсэд зуны саруудад багадаа 150 мянга орчим хүн амьдардаг гэсэн тооцоо байгаа. Төвлөрөл ихэсч, замбараагүй байдал үүссэн. Хөрсний бохирдол, түгжрэл ихэссэн. Орц, гарцны асуудал маш хүнд болсон. Тиймээс энэ жил ажлын хэсэг байгуулж, зуслан дээр 66 орц, гарцыг чөлөөлж байгаа. Үүнээс одоогоор 50 гаруй орц, гарцыг чөлөөлөөд байна. Орц, гарцыг чөлөөлснөөр зусланд амьдарч байгаа ахмад настан ч гэсэн эмнэлгийн зэрэг төрийн тусламж, үйлчилгээг саадгүй авна.

Харин нийслэлийн төлөөлөгчийн хувиар иргэдийг зөвхөн Богд ууланд алхдаг биш, зуслангийн бүсдээ ч чөлөөтэй алхдаг, агаарладаг болоосой гэж бодож ажил эхлүүлсэн. Чингэлтэй хайрханы Зүрх ууланд алхалтын маршрут, агаарладаг бүсүүдийг хөгжүүлэхээр нийслэлийн төлөөлөгчийн төсвөөрөө бүтээн байгуулалт хийж байна. Зуслангийн бүсэд байгаа нэртэй л боловч мод руугаа орж чаддаггүй иргэд олон байна шүү дээ. Тиймээс зуслангийн бүсэд ч гэсэн иргэдэд зориулсан амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх газрууд хэрэгтэй.

-Зүрх ууланд иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх газрыг байгуулахдаа фитнесийн тоног төхөөрөмж хүртэл байрлуулсан нь сонирхолтой санагдсан. Өмнө байгаагүй л жишиг юм?

-Хотын төвд 350-450 мянган төгрөгийн үнэтэй фитнес ч байна. Гэр хороололд 30 мянган төгрөгийн үнэтэй фитнес ч байна. Гэтэл тэр фитнест явах орлогогүй хүүхэд, залуучууд олон бий. Фитнесийн тоног төхөөрөмж байрлуулсан нь орлого муутай ч өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй залууст нэг талаас боломж юм. Гэр хорооллын залуус амралт, чөлөөт цагаа хаана өнгөрүүлэх вэ гэдэг хүнд асуудал. Чөлөөт цагаа өнгөрөөх тухтай газаргүй учраас бааранд орох, ахуйн архидалт зэрэг асуудал үүсдэг. Иймд, чөлөөт цагаа өнгөрүүлэх энэ мэт газрууд залууст хамгийн хэрэгтэй. Удахгүй тохижуулсан газраа цахилгаанд холбож, бүрэн камертай, харуул хамгаалалттай болгоно.

-Залууст чиглэсэн өөр ажлууд хийх үү?

-Гэр хороололд амьдарч буй залуучууд руу чиглэсэн нийтийг хамарсан төслүүд хийе гэсэн бодолтой байна. Хичээлийн шинэ жил дөхөж байгаа учраас сурах хүсэл эрмэлзлэлтэй хэдий ч сургалтын төлбөрийн асуудалтай залуучуудын судалгааг гаргаж, дэмжлэг үзүүлэхийг зорьж байгаа.

Миний хувьд гэр хорооллоос сонгогдсон, тэндээ амьдарч байсан, залуусын нийгмийн асуудлыг аль болох нийтээр нь шийдвэрлэх гарцыг хайж, төлөөлөгчийн хувиар дүүрэг рүүгээ чиглэсэн ажлуудаа хийнэ. Чингэлтэйн зуслангийн замуудад орц, гарц хийж, замыг хувийн зүгээс засаж байгаа. Нэг дүүрэгт ч гэсэн амарч зугаалах ая тухтай цогцолбор газрыг хийчихвэл бусад дүүрэг энэ жишгээс санаа аваад хийх юмаа хийх боломжтой.

-Хотын удирдлагууд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлууллаа. Түгжрэлийг бууруулах таван цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон. Шинэчилсэн хуулийн хэрэгжилт, түгжрэл бууруулах арга хэмжээний тухайд таны байр суурь ямар байна вэ?

-Улаанбаатар хотын шинэ удирдлагууд 2020 оны аравдугаар сарын сүүлээр орон нутгийн ээлжит сонгуулиар томилогдсон байдаг. Хотын даргын хувьд УИХ-ын гишүүнээсээ татгалзаж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдсон. Зургаан Засаг даргын орлогчтой багаа бүрдүүлээд Засаг даргын орлогч бүр өөрийн чиглэлийн хариуцсан ажлаа хийгээд багагүй хугацаа өнгөрчээ.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлуулж, түүнийг дагалдах 19 хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт орууллаа. 27 жилийн турш өөрчлөгдөөгүй хуулиа шинэчилсэн нь Улаанбаатар хотын хувьд том шинэчлэл болсон. Хуулийн шинэчлэлээр Улаанбаатар хот Засгийн газарт өөрсдийн асуудлаа өөр агентлагаар дамжуулахгүйгээр шууд танилцуулах боломжтой болсон.

Тийм ч учраас Засгийн газар, УИХ-аас Улаанбаатар хот руу илүү анхаарлаа хандуулж, жил бүр 420 тэрбум төгрөгийг авто замын түгжрэлийн эсрэг зарцуулахаар болсон. Хот төлөвлөлт, автозамын сүлжээг шинэчлэх, замын хөдөлгөөнийг зохицуулах, нийтийн тээврийг сайжруулах, эрх зүйн хүрээнд түгжрэлийг бууруулах гэсэн үндсэн чиглэлээр түгжрэл бууруулах цогц арга хэмжээ хэрэгжинэ.

-Энэ удаагийнх түгжрэл бууруулах төсөл, хөтөлбөрүүдээс юугаараа ялгаатай вэ. Онцлог, хэрэгжих боломжийг дүгнэхгүй юу?

-Улсын нийт хүн амын талаас илүү хувь Улаанбаатар хотод амьдардаг. Тэгэхээр Улаанбаатарын түгжрэл бол зөвхөн хотын асуудал биш, улс орны асуудал гэж том зургаар нь авч үзэж, асуудлыг судалсан. Түгжрэл хаанаа илүү байна, цаг хугацаа, хөрөнгө мөнгөний ямар хохирол учруулж байна гэдгийг нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан газраас баг гарч судалсан.

Шийдлээ боловсруулсан учир түгжрэлийг шийдэхээр онцгой анхаарч ажиллана. Зөвхөн зам бариад түгжрэлийг шийдэхгүй. Цэцэрлэг, сургууль, дэд бүтэц, хүрээлэн буй орчны олон хүчин зүйлийг шийдэж байж түгжрэлийг шийднэ. Тиймээс өмнө нь хийгдэж байгаагүй олон төрлийн судалгаатай таван цогц арга хэмжээ гэдэг өөрөө онцлогтой, давуу талтай бодлогын хэмжээний юм.

Хотын даргын хэлснээр 2024 он хүртэл тодорхой түвшинд замын түгжрэлийг бууруулна. Иргэд хотын хийж байгаа бүх ажлаас илүү хамгийн чухал зүйл замын түгжрэл дээр оноогоо тавих болов уу гэж харж байна. Энэ мэт бодлогын шинэчлэлүүдийг Хотын дарга манлайлан хийж байгаа. Засаг даргын орлогч нар, бусад агентлагийн удирдлагууд, мэргэжилтнүүдийн хувьд өөр өөрийн салбараа хөгжүүлээд, бодлогын шинэчлэлийг дэмжиж, хариуцлагатайгаар хэрэгжүүлээд явах нь чухал байна.