Хөшигийн хөндийн нэгдсэн төлөвлөлтийн газар чөлөөлөлт, сонсох ажиллагаа 8 дугаар сарын 15-н хүртэл үргэлжилнэ
2021.08.16

Хөшигийн хөндийн нэгдсэн төлөвлөлтийн газар чөлөөлөлт, сонсох ажиллагаа 8 дугаар сарын 15-н хүртэл үргэлжилнэ

Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газраас өнөөдөр 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газрын орлогч дарга М.Буяндэлгэр Хөшигийн хөндийн нэгдсэн төлөвлөлтийн хүрээнд зохион байгуулагдаж буй газар чөлөөлөлтийн явцыг танилцууллаа. Энэ хүрээнд эрх ашиг нь зөрчигдөж буй иргэн, хуулийн этгээдэд газар чөлөөлөлтийн нөхөн олговор тооцох, чөлөөлөх газрыг тодорхойлох талаар сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн дагуу зохион байгуулж байна.

Тус ажил нь наймдугаар сарын 15-н хүртэл үргэлжлэх бөгөөд 435 иргэн, хуулийн этгээдийн газрын эзэмших эрхийг цуцлах урьдчилсан тооцоо гараад байна. Эдгээр иргэн, хуулийн этгээд нь Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандаж, тайлбар саналаа өгөх шаардлагатай байна. Энэ хугацаанд тайлбар саналаа ирүүлээгүй тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үйл ажиллагаа хийгдэнэ. Сонсох ажиллагаа нь иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах арга хэмжээ гэдгийг ойлгоорой гэж онцоллоо.

Дээрх арга хэмжээтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 110 дугаар тогтоолоор улсын хэмжээнд хэрэглээнд нэвтэрсэн Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн үйл ажиллагааг танилцууллаа. Иргэд тус системийг ашиглан улсын хэмжээнд буюу 21 аймаг, нийслэл, 9 дүүрэг, 330 сумын нутаг дэвсгэрт шинээр олгохоор төлөвлөсөн 0,07 га газрын байршлыг хэрхэн олох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Дээрх цахим системд egazar.gov.mn хаягаар холбогдож, үйлчилгээ авах боломжтой юм.