ОХУ-ын Роскомос компанийн удирдлагатай уулзалт зохион байгууллаа
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын удирдлага 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ОХУ-ын төрийн өмчит Роскосмос компаний удирдлагатай цахимаар уулзлаа.
Уулзалтад Роскосмос компаниас Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Тищенко Татьяна Юрьевна, Навигацийн сансрын системийн хэлтсийн дэд дарга Заичко Валерий Александрович зэрэг төлөөлөгчид, харин ГЗБГЗЗГ-аас Орлогч дарга М.Буяндэлгэр, ГЗЗХ-ийн дарга Д.Мөнхцэцэг болон холбогдох нэгжийн дарга нар оролцлоо.
Роскосмос компани нь ОХУ-ын сансар, орон зайн систем болон хиймэл дагуулын өгөгдлийн зургийг уул уурхай, барилгын явц, хөдөө аж ахуй, хот төлөвлөлт, газар ашиглалт зэрэг олон салбарт хэрхэн ашигладаг талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Мөн ОХУ нь энэ салбарт бусад улс оронтой олон янзын хэлбэрээр өргөн хүрээнд хамтран ажилладаг бөгөөд тухайн байгууллагын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн Монгол улсын нутаг дэвсгэрийн хиймэл дагуулын өгөгдлийн өндөр нарийвчлалын зургийг нийлүүлэн цаашид хамтран ажиллах боломжтойг онцоллоо.
Уулзалтын төгсгөлд Орлогч дарга М.Буяндэлгэр манай салбарт ОХУ-д төгссөн олон мэргэжилтэн байдаг гэдгийг дурьдаад, цаашид мөн хүний нөөц чадавхжуулах, сансрын зураг худалдан авах, геодези, зураг зүй, газар зохион байгуулалт, кадастрын чиглэлээр хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхлоо илэрхийлээд хүрэлцэн ирэхийг урьлаа. Роскосмос компаниас хамтран ажиллахад таатай байх болно гэдгээ дурьдаад сонирхсон сансрын зургийн шаадрлага болон хамтын ажиллагааны чиглэлээр захидалаар харилцахад нээлттэй гэдгийг тэмдэглэв.