Ажлын онцлог, гүйцэтгэж буй чиг үүргээс хамаарч албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг олгоно
2021.07.07

Ажлын онцлог, гүйцэтгэж буй чиг үүргээс хамаарч албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг олгоно

ХЗБХ-ны өнөөдрийн \2021.07.07\ хуралдаанаар  “Прокурорын албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаар Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат танилцуулав. 

 Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар прокурорын байгууллагад эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг нэмэгдсэн юм. Үүнтэй холбоотойгоор эл чиг үүргийг хэрэгжүүлж буй прокуроруудын ажлын ачаалал нэмэгдсэн талаарх тоон мэдээллийг танилцуулж байлаа. Ажлын онцлог, гүйцэтгэж буй чиг үүргээс хамаарч албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг тогтоолгохоор шаардлагатай гэв. Улсын Их Хурлын 1996 оны 58 дугаар тогтоолоор прокурорын албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг тогтоох шийдвэрийг гаргаж байсан бөгөөд 25 жилийн турш энэ шийдвэрт өөрчлөлт оруулаагүй гэдгийг танилцуулсан.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа. Дараа нь төслийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Иймд санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.

  Үндсэн хуулийн цэцийн ажлын албаны албан хаагчдын албан тушаалын ангилал, зэрэглэлийн талаарх саналын талаар Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга Д.Баянбилэг танилцуулав. Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалтыг танилцуулгадаа онцолж байв. Холбогдох хууль тогтоомж дахь зохицуулалтуудыг хангах үүднээс Үндсэн хуулийн цэцийн ажлын албаны албан хаагчдын албан тушаалын ангилал, зэрэглэлийг өөрчлүүлэхээр шийдвэрлүүлэхээр танилцууллаа. Улсын Их Хурлын тогтоолын энэхүү төсөл батлагдсанаар төсөвт өөрчлөлт орохгүй гэдгийг мөн дурсан.

    Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын танилцуулгуудтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн бөгөөд дэмжиж байгаагаа илэрхийлж байв. Дараа нь санал хураалт явуулахад “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон 17 гишүүний 70.6 хувь нь дэмжсэн юм. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаан танилцуулж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлуулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэв