С.Одонтуяа: Хүний эрхийн үндэсний комисс өөрсдийн мэдээллийн индэртэй болох хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.07/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
Би өөрөө Хууль Зүйн Байнгын Хороонд байдаггүй учраас энэ тогтоолын төсөл хэлэлцэгдсэн нь маш чухал, цаг үеэ олсон тогтоолын төсөл байна. Энд хэд хэдэн чухал зүйлүүд байгааг онцлон хэлмээр байна. Жишээлбэл: Хүүхэд хамгааллын байцаагчийн тоог нэмэх, хүүхэд хамгааллын асуудалд нэн шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх. Би Хүүхэд хамгааллын хуулийг баталж байхад хүүхдийн эрхийн байцаагч гээд шинэ нэр томъёо гаргаад хуульд суулгаж байсан. Гэтэл энэ байцаагч маань олигтой ажиллах нөхцөл нь бүрдээгүй билээ. Яагаад гэхээр төрийн байгууллагад, төрийн албан хаагч болгоод төрийн албаны маш олон албан үүргийг давхар гүйцэтгээд тэр хүн яг хүүхдийн байцаагчийн ажлаа хийх ямар ч цаг зав байдаггүй байсан. Үүнийг хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, төрийн албанаас салгахгүй бол үр дүнгүй болоод байгаа.
Баривчлах, саатуулах байранд байгаа иргэнийг сэргийлэх. НҮБ-ын Хүний эрхийн комиссоос тусгай зөвлөмжүүд гарсан. Өөрөөр хэлбэл тэр хүний эрх чөлөө тусгаарлагдсан үед Ковид-19 тусах юм уу нас барах бол хүний эрхийн том зөрчил болно гэсэн зөвлөмж байсан.
Цар тахлын голомтод ажиллаж байгаа эмнэлгийн ажилчдын тусгай зориулалтын хувцах хангах санхүүжилтийг шийдвэрлэх. Өнөөдөр эмч нартай уулзахад надад тооцоо үзүүлж байсан. Өгч байгаа урамшуулалаас нь бүх нэг удаагийн хэрэгслийн мөнгийг хасаад, гар дээр нь 1000 төгрөг л үлдсэн гээд ярьж байсан. Тэгэхээр энэ маш чухал заалт байна.
Цар тахлаас сэргийлэх төсөв, хандив тусламжид хяналт тавьж иргэд, олон нийтэд тайлагнах. Үүнийг би байнга хэлдэг. Нэгдсэн том тоогоор хэлдэг. Тэгэхээр иргэд байнга эргэлзээтэй, төр засагтаа итгэхгүй байна. Нэг хүний зардал 4-8 сая гээд ярьдаг. Энэ талаараа ЭМЯ юунд зарцуулсан талаар тодорхой мэдээлэл хийх хэрэгтэй.
Хүний эрхийн үндэсний комиссийн шинэ баг маш сайн ажиллаж байгаа. Хамгийн гол асуудал бол өөрсдийн мэдээллийн индэртэй бол гэж зөвлөдөг. Засгийн газар, ЭМЯ, УИХ-ын мэдээллийн индэртэй байдаг шиг чухал асуудлуудаа гараад иргэддээ мэдээллийг хэлдэг байх. Энэ тогтоолын төслийг дэмжиж байна.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn