Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэхийг дэмжлээ
2021.06.30

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.06.30) хуралдаан 10 цаг 19 минутад 15 гишүүн ирцэд бүртгүүлснээр эхэлж, Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

 Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” гэж заасан байдаг. Энэ дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгий зүйл бүрээр хэлэлцэв. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй. Хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар  гаргаж, эл саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганын нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Дараа нь дээрх хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаагүй, иймд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар  гаргасан.

Горимын энэ саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганын нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн.