Боловсролын салбар төсвийн цахим шилжилт хийж, тэрбум төгрөг хэмнэнэ
Боловсролын салбарын төсвийн цахим шилжилтийн нээлт өнөөдөр боллоо.
Нээлтийн арга хэмжээнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан, БШУЯ-ны удирдлагууд болон нийслэл, орон нутгийн цэцэрлэг, сургуулийн санхүүч, нягтлан бодогч нарын төлөөлөл оролцлоо.
Боловсролын салбар цахим шилжилтийг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь төсвийн цахим шилжилт юм. Ингэснээр жил бүр төсөвлөдөг 1,7 их наяд төгрөг болон 300-400 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт сурагчдын сурах орчин, сургалтын чанар, хүртээмжид шууд зарцуулагдаж байгаа эсэхийг хянах боломж бүрдэж эхэлж байна.
Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Боловсролын салбар цахимаар төсвөө хийх болсноор богино хугацааны дотор одоогийн жилд гарч байгаа зардлаас 1 тэрбум төгрөг хэмнэж байна. Нэг тэрбум төгрөг гэдэг бол 150 хүүхдийн цэцэрлэгтэй тэнцэх хэмжээний төсөв юм. Цахим төсөв нь боловсролын салбарт гарч буй том хэмнэлт гэж ойлгож болно. Бид эхний ээлжинд сургуулийн өмнөх боловсрол, ЕБС-ийн хүрээнд төсвийн шинэчлэлийг хийнэ” гэдгийг онцоллоо.
Сангийн сайд Б.Жавхлан "Төсвийн шинэчлэлийн амин хүнс нь боловсролын салбарын чанар үр дүн, хүртээмжид суурилсан санхүүжилтийн системийг бий болгох юм. Энэ хүрээнд БШУ-ны сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар тус салбараас нийгэмд үзүүлж байгаа үйлчилгээг илүү хүртээмжтэй, гүйцэтгэл сайтай болгож, үүнийг санхүүжилтээр нь хянах цогц хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг гарган ажиллаж байна" гэв.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцын нийт 2581 байгууллагын 2440 буюу 94 хувийг орон нутгийн байгууллага эзэлдэг. Төсвийн төслийг боловсруулах явцад төсвийн шууд захирагч болон сум, дүүрэг, аймаг нийслэлийн төсөв санхүүгийн ажилтан, нягтлан бодогч нар 2 сарын турш ажилладаг. Уг ажлыг хөнгөвчилж, цахим системд шилжүүлж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2400 гаруй байгууллагын 2022 оны төсвийн төслийг www.esis.edu.mn сайтаар дамжуулан хүлээн авч, хянаж нэгтгэхээр болж байна. Улсын хэмжээнд төсвийн саналыг цахимаар боловсруулж, нэгтгэж, хянах үйл явцыг ийнхүү анх удаа хэрэгжүүлж байна.
ЦАХИМ ТӨСВИЙН ТӨСӨЛД ШИЛЖСЭНЭЭР...
- Төсвийн төслийн санхүүжих дундаж хүүхдийн тоог албан ёсны статистик мэдээлэлд үндэслэн боловсруулна
- Улсын хэмжээнд 2400 гаруй ажилтны томилолтын зардал болох 171 сая төгрөг, 125 мянган хуудас цаас болон хэвлэх хорны зардал хэмнэгдэнэ
- Нэг хүний 3-15 хоногийн ажлыг хөнгөвчилнө
- Багш, ажилтны дэлгэрэнгүй мэдээлэлд үндэслэн төсвийг төлөвлөнө
- Төсвийн төслийн саналыг боловсруулах, нэгтгэл алдаагүй, нэг стандарттай болно
- Төсвийн үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг цахим системээр дамжуулан тооцож, бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан ил тод мэдээлнэ.