Үерийн устай холбоотойгоор Ажлын хэсэг гарч, газар дээр нь ажиллаж байна
2021.06.11

Үерийн устай холбоотойгоор Ажлын хэсэг гарч, газар дээр нь ажиллаж байна

Дунд гол үерлэж, ус зайлуулах хоолойг давсан тул нүхэн гарцууд усанд автсан.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Дунд голын орчимд үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэх арга хэмжээг үе шаттайгаар авч ажиллаж байна. Нарны замаас Гандийн гудамжийг холбосон түр замыг сэтэлж, хашигдаад байсан усны урсцыг нэмэгдүүлэх арга хэмжээг авсан. Ингэснээр усны түвшин тодорхой хэмжээгээр буураад байгаа юм.

Арслантай гүүрний урд хэсэгт усны түвшин нэмэгдэж, барилгуудын сууринд эрсдэл үүсэж байна. Үерийн усны эрсдэлээр “Хан хиллс”, “Маршал таун” зэрэг хотхонууд үерт автах судалгаа гарсан гэдгийг мэргэжлийн байгууллагаас анхааруулаад байгаа юм.  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Энэ жил бороо хур ихтэй жил болох нь. Олон улсын байгууллага 2017 онд бороо ихтэй жилийн судалгаа гаргаж, үер усны аюул Улаанбаатар хотод ойрхон байгааг хэлж байсан. Энэ бороо Улаанбаатарын зам, нүхэн гарцын инженерийн шийдэл, ус зайлуулах хоолой, тэдгээрийн тооцоо, судалгаа нь олон улсын стандартад нийцсэн эсэхэд дүн тавьж байна.

Хотын төлөвлөлтийг инженерийн шийдэлтэй, олон улсын чанар, стандартад нийцүүлэн хийх хэрэгтэй. Нийслэлд хийсэн замууд борооны ус зайлуулах хоолойгүй байгаа. Энэ нь иргэдийн амь нас, аюулгүй байдалд нөлөөлж, цаашлаад гамшгийн нөхцөл байдлыг бий болгож байна. Тиймээс шилдэг инженерүүдийг ажиллуулах ёстой юм. Үерийн усны ам болон эрсдэлтэй байршил дээр гэр хороолол барьсан байдаг. 2-3 хоног бороо ороход ийм нөхцөл үүсэж байгаа юм чинь 1966 оных шиг 14 хоног бороо орвол хот тэр чигээрээ урсах эрсдэлтэй байна. Шийдэл, гарцыг дандаа инженерийн тооцоо, судалгаатай гаргаж байх хэрэгтэй. Ажлыг хямд аргаар шийдсэний эцсийн үр дүн муу гарч байна.

Туул голын сав газарт дураараа барилга барьж, ашгийн төлөө улайрч болохгүй. Тэнд байр худалдаж авсан иргэдийн амь нас, эд хөрөнгө, бусад зүйл эрсдэлд орж байгаа. Үүссэн нөхцөл байдлыг шууд засварлахад нийслэлд хөрөнгө мөнгө дутмаг тул цаашид урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Геодези, усны барилга байгууламжийн газрын тоног төхөөрөмжийг шууд шинэчлэх боломж байхгүй. Нийслэл Улаанбаатар хотод шинэ бүтэц хийхгүй бол хоорондын уялдаа холбоо байхгүй байна. Дулааны шугам, сүлжээ бол газар доорх хот. Үүний 76 хувь нь муудсан. Үүнийг хот дангаараа төсвөөрөө шийдэх ямар ч бололцоо байхгүй. Бид УИХ, Засгийн газартай хамтарч, хотод тулгамдсан асуудлаа шийднэ” гэсэн юм.   

Үерийн уснаас үүдэн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд зам эвдэрсэн. Үерийн даланг зориулалтын дагуу ашиглахгүй бол ус хальж, зам эвдэж байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.   

Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах зорилгоор долоон байршилд түр зам байгуулсан. Үүний хоёр нь Дунд гол дагуу байрладаг. Харин сүүлийн өдрүүдэд орсон борооны улмаас Дунд голын усны түвшин нэмэгдэж, тус замуудад сэтгэлгээ хийж, усны түвшинг бууруулжээ. Мөн нийслэлийн холбогдох байгууллагуудаас бүрдсэн Ажлын хэсэг гарч, газар дээр нь ажиллаж байна.