АБГББХ-ны дарга Б.Баттөмөр ОУПХ-ны Энхтайван, олон улсын аюулгүй байдлын байнгын хорооны цахим хуралдаанд оролцов
Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 142 дугаар Ассамблей “Цар тахлыг өнөөдөр даван туулж, сайн сайхан маргаашийг цогцлоох нь: Парламентуудын үүрэг” үндсэн сэдвийн дор 2021 оны тавдугаар сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдана.
Олон Улсын Парламентын Холбооны Энхтайван, олон улсын аюулгүй байдлын байнгын хорооны цахим хуралдаан болж, Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр тус хуралдаанд Монголын Улсын парламентыг төлөөлж оролцов.
“Цаг ууртай холбоотой гамшиг, түүний үр дагавараас үүдэх аюул, хямралын эсрэг энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх парламентын стратегиуд” сэдвийн хүрээнд болж буй Энхтайван, олон улсын аюулгүй байдлын байнгын хорооны өнөөдрийн цахим хуралдаанд Олон Улсын Парламентын Холбооны гишүүн орнуудын 50 гаруй төлөөлөгч оролцлоо. Хуралдаанаар төслийн хорооноос боловсруулсан “Цаг ууртай холбоотой гамшиг, түүний үр дагавараас үүдэх аюул, хямралын эсрэг энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх парламентын стратегиуд” тогтоолын төслийг танилцуулсан юм.
Энх тайван, тогтвортой байдлыг хадгалж, уур амьсгалын аюулгүй байдлын эрсдэлийг багасгах зорилгоор тулгамдаж буй асуудлуудад бэлэн байж, урьдчилан сэргийлэх стратегид хөрөнгө оруулахыг Олон Улсын Парламентын Холбооны гишүүн орнууддаа уриалахаар төсөлд тусгасан байна.
Мөн Парисын хэлэлцээр, 2030 оны Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эмзэг, өртөмтгий бүс нутгуудад дэмжлэг үзүүлэхийг урьтал болгох үүднээс цаг уурын аюулгүй байдлын эрсдэлийн эсрэг хариу арга хэмжээ авах стратегийн хэрэгцээг хүлээн зөвшөөрөх, мөн хүнсний бие даасан байдал, байгалийн нөөцийн удирдлага, нүүн шилжигдсэн байдал, гамшгийн эрсдэл зэрэг асуудлыг үр дүнтэй шийдвэрлэхийн тулд НҮБ-ын систем (Аюулгүй байдлын зөвлөлийг оролцуулан) болон бусад олон талт байгууллагууд, мөн улс орнууд болон холбогдох бусад оролцогчдыг бэхжүүлэхийг Олон Улсын Парламентын Холбоо гишүүн орнууддаа уриалж байна.
Түүнчлэн цаг уурын байдлаас үүдсэн шилжилт хөдөлгөөний талаар болон уур амьсгалын хямралын нөхцөлд дүрвэгсдийг хамгаалах талаар шуурхай шийдвэрлэх шаардлагатай мэтгэлцээнийг эрчимжүүлэх нь тус тогтоолын төслийн зорилго юм.
Тогтоолын төсөлд уур амьсгалын өөрчлөлт болон түүний хүн төрөлхтөнд үзүүлэх нөлөө нь олон улс бүх нийтээрээ хамт шийдвэрлэх нийтлэг тэмцэл гэж заасан байна.
Үргэлжлүүлэн дээрх цахим хуралдааны оролцогчид энх тайван, аюулгүй байдалд үзүүлэх цаг ууртай холбоотой аюулын үр дагаврыг шийдвэрлэх парламентын ажил, арга хэмжээг Олон Улсын Парламентын Холбооны “Цаг ууртай холбоотой гамшиг, түүний үр дагавараас үүдэх аюул, хямралын эсрэг энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх парламентын стратегиуд” тогтоол хэрхэн чиглүүлэх талаар санал солилцов.
Дэлхийн парламентуудын хооронд яриа хэлэлцээ явуулах боломжийг бүрдүүлэх, энх тайвныг сахин хамгаалах, улс үндэстнүүдийн хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ардчиллыг бэхжүүлэх үндсэн зорилготой Олон Улсын Парламентын Холбоонд Монгол Улс 1962 онд элссэн юм.