Нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах, сонгон шалгаруулах товыг тогтоох тогтоол батлав
2021.05.04

Нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах, сонгон шалгаруулах товыг тогтоох тогтоол батлав

Хууль зүй байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах, сонгон шалгаруулах товыг тогтоох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Байнгын хорооны С.Бямбацогт уг тогтоолын төслийн талаар хийсэн танилцуулгадаа, Улсын Их Хурлаас 2021 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Хүний эрх хэмгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Уг хуульд Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо ажиллахаар зааж, тус хороог Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн удирдахаар зохицуулсан.

Үүнтэй уялдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд өөрчлөлт оруулж, Комиссыг 6 гишүүнтэй байх, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10.2-т заасны дагуу Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүнийг Комиссын гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгох зохицуулалтыг тусгаж өгсөн.

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг энэ оны долоодугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр баталсан тул Хүний эрхийн Үндэсний Комиссын 6 дахь гишүүнийг энэ хугацаанаас өмнө сонгон шалгаруулж томилон, хуулийн хэрэгжилтийг хангах шаардлага үүссэн. Иймд сонгон шалгаруулалтыг зарлаж, материал хүлээн авах Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулсан тухайгаа танилцуулсан юм.

Тогтоолын төсөлд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах хугацааг 2021 оны тавдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зургаадугаар сарын 10-ны өдрийн хооронд тогтоохоор тусгажээ.   

Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдлаа.