Д.Цэвээнжав: Албан журмын даатгалын өгөөжийг хэсэг бүлэг хүмүүс биш, жолооч нар хүртэх эрхтэй
2012 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс Жолоочийн даатгалын тухай хууль хэрэгжиж эхэлсэн.
Энэ хуулийн дагуу авто тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаа хэн бүхэн жил бүр жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд заавал хамрагдаж замын хөдөлгөөнд оролцох эрх үүсдэг болсон. Ингэхдээ тухайн эзэмшиж байгаа тээврийн хэрэгслийн төрлөөс шалтгаалан 12.500-53.000 төгрөгийн суурь хураамжаас тооцсон даатгалын хураамж төлөх үүрэг хүлээдэг.
Өнөөдөр жолоочийн хариуцлагын албан журмын даатгал эрхлэх зөвшөөрөл авсан 14 даатгалын компани жолоочийн даатгалын үйлчилгээ үзүүлж байна. Жил ирэх бүр даатгалд хамрагдаж байгаа жолооч нар болон хураамжийн орлого нэмэгдэж байдаг нь даатгалын компаниуд болон Санхүүгийн зохицуулах хорооноос гаргаж буй тайлангаас харагддаг.
Жолоочийн даатгалд даатгуулагчидын хураамжийн орлого 2012-2020 онд:
Орлого: 2012-16,3 2013-15,5 2014-19,3 2015-22,4 2016-26,6 2017-29,0 2018-31,5, 2019-36,4 2020-33,5 тэрбум төгрөг
Нөхөн төлбөрт зарцуулсан төлбөр 2012-2020 онд:
Нөхөн төлбөрт: 2012-4,8 2013-8,1 2014-11,4 2015-14,5 2016-14,4 2017-15,3 2018-16,9 2019-18,9 2020-17,5 тэрбум төгрөг
Дээрх орлогоос жилд зам тээврийн ослын улмаас хохирсон хохиролд 15,0-17,0 орчим тэрбум төгрөг буюу нийт хураамжийн 53 орчим хувь жолоочийн хариуцлагын даатгалын хураамжаас төлөгддөг нь харагдаж байна.
Үүнээс харахад хуулийн нэг зорилго тодорхой хэмжээнд хангагдаж байна. Харин даатгалаа төлсөн иргэдийн 90 гаруй хувь ямар нэгэн даатгалын тохиолдол гаргаагүй бөгөөд албан журмаар даатгуулсныхаа үр шимийг хүртэж чаддаггүй нь Жолоочийн даатгалын тухай хуулийн хамгийн том гажуудал юм.
Тодруулбал 2020 онд Жолоочийн албан журмын даатгалд хамрагдсан 643.316 даатгуулагчдаас 27.983 жолооч зам тээврийн осол гаргаж, тэдгээрийн хохирогчдод 17,5 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгожээ. Энэ нь нийт даатгуулагчдын 4-4,5% болж байгаа юм. Тэгвэл үлдсэн 630.763 даатгуулагч буюу 96% нь зам тээврийн осол гаргаагүй, хариуцлагатай жолооч нар төдийгүй албан журмаар даатгуулсныхаа үр шимийг ямар нэг байдлаар хүртээгүй гэсэн үг. Энэ байдал 10 дахь жилдээ үргэлжилж байна.
Гэтэл Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын 5 төрлийн даатгалууд нь даатгуулсан хүн бүр албан журмаар даатгуулсныхаа үр шим, урамшууллыг авах боломжууд нээлттэй байдаг. Эдгээрийг даатгуулагч иргэдэд хүргэх үйл ажиллагааг Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар зэрэг бие даасан байгууллага хэрэгжүүлдэг.
Харин жолооч нарыг хариуцлагын даатгалд албан журмаар хамруулах ажлыг хэрэгжүүлэгч нь арилжааны даатгалын компани гүйцэтгэдэг. Өнөөгийн хуулийн зохицуулалтаар жолоочийн хариуцлагын албан журмын даатгал нь тээврийн хэрэгсэл эзэмшигчдээс хураамж авч даатгалын компаниудыг хөрөнгөжүүлэх агуулгатай хэрэгжиж ирсэн. Иймд энэ хуулийг өөрчлөх шаардлагатай болсныг мэргэжлийнхэн хүлээн зөвшөөрдөг.
Тиймээс Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдан 2 жил өнгөрсөн боловч өнөөдрийг хүртэл дорвитой ажил, хэрэг болсонгүй хүлээгдсээр байгаа.
Аливаа хууль иргэдэд тэгш үйлчлэх ёстой. Иймд албан журмын даатгалын өгөөжийг хэсэг бүлэг хүмүүс биш, тээврийн хэрэгсэл эзэмшигчид нь хүртдэг болохын тулд жолоочийн хариуцлагын даатгалын үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа одоогийн зохион байгуулалтыг хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зохицуулах зайлшгүй шаардлагатай байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn