Жолоочийн хариуцлагын даатгал даатгалын компаниудад ашиггүй юу? Эсвэл...
2021.01.27

Жолоочийн хариуцлагын даатгал даатгалын компаниудад ашиггүй юу? Эсвэл...

Сүүлийн жилүүдэд жолоочийн хариуцлагын даатгалыг тойрсон олон асуудлууд хөврөх болсон. Зам тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалах зорилгоор “Жолоочийн даатгалын тухай хууль”-ийг есөн жилийн өмнөөс Монголд  хэрэгжүүлж эхэлсэн.

Хууль ч хэрэгжиж, нэг сая гаруй авто тээврийн хэрэгслийн 72 хувь нь энэ даатгалд хамрагддаг гэсэн судалгаа бий.

Айл өрх бүрт хамаатай жолоочийн даатгалын гол “бухимдал” нь даатгуулагч буюу жолооч нарын эрх ашгийг хамгаалах бус даатгалын хэдэн компаниудын ашиг олох хэрэгсэл болсон гэдэгт бий. 


Өнөөдрийн байдлаар жолоочийн хариуцлагын даатгалын үйлчилгээг 15 компани эрхэлж байгаа ч нийт зах зээлийн  65 хувийг таван том компани монополь эрхтэй эзэлж байна.

Тэгэхээр даатгалын компаниуд жолоочийн хариуцлагын даатгалаас үнэхээр ашиг хүртдэг үү? гэсэн заавал хариулт авах ёстой асуулт гарна. Гэвч энэ асуултад холбогдох газруудаас өгч байгаа мэдээллүүд зөрүүтэй байсаар ирсэн.  

2019 онд МҮОНРТ-аас бэлтгэн олон нийтэд хүргэсэн "Баримт": нэвтрүүлэгт албан журмын даатгалын асуудлыг хөндөн, эрэн сурвалжилж, даатгалын зах зээлд оролцогч гол талуудын байр суурийг авчээ. Тиймээс энэхүү нэвтрүүлэг дээрх асуултад хариулахад туслах учир та бүхэнд тоймлон хүргэж байна. 

Албан журмын даатгагчдын холбооноос гаргасан мэдээллээр, жолоочийн даатгалын хураамжаар 2018 онд 31.5 тэрбум төгрөг, 2019 онд 36.5 тэрбум төгрөг жолооч нараас татан төвлөрүүлжээ. 2019 оныг л авч үзэхэд дээрх төвлөрсөн хөрөнгийн 51.58 хувь нь нөхөн төлбөр буцаж олгогджээ.  Үлдсэн 48.42 хувь нь буюу  17.6 тэрбум төгрөг хэрхэн, хаана зарцуулагддаг вэ?

Уг нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил хэлэхдээ,  Энэ үлдсэн 17 тэрбум нь хаашаа явчихав аа? гэдэг асуулт байна. Мэдээж даатгалын компаниудын үйл ажиллагааны зардал, их бага хэмжээний ашиг гээд зардлууд гарах ёстой. Үлдсэн мөнгөөр нь юу хийв ээ? Өнөөдөр нийт жолооч нарын 28 хувь нь жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдахгүй байна гэсэн тоо байна. Тэгэхээр бусад жолооч нарыг даатгалд хамруулах мэдээлэл, сурталчилгаа яагаад явахгүй байна вэ? Яагаад жил бүр даатгуулж байгаа даатгуулагчийн төлбөр багасахгүй байна вэ? гэдгийг л би асуугаад байгаа юм."

Түүний асуусан 17 тэрбум төгрөг хаашаа явчихав аа? гэсэн асуултад даатгалын компаниудын эрх ашгийг төлөөлж буй Монголын даатгагчдын холбоо, даатгалын компаниудыг хянах төрийн үйлчилгээг үзүүлдэг Санхүүгийн Зохицуулах хорооноос дараах тайлбарыг өгчээ.

Монголын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Ж.Батжаргал

- Даатгалын компани нэгдүгээрт даатгалын гэрээ зарж, хоёрдугаарт даатгалын орлогоор бүрдүүлсэн нөөц сангаас хөрөнгө оруулалт хийж гэсэн хоёр төрлөөр орлого олдог.

Эхний бизнесээсээ даатгалын компаниуд бүгд ашиггүй болчихсон.

Жишээ нь, 100 төгрөг олоод, 110 төгрөг эргүүлээд зарцуулж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл ашиг -10 төгрөг болчихсон байгаа. 

Харин нөөц сангаас хөрөнгө оруулалт хийж орлого олж байгаа. Үүнийг олон нийт мэдэхгүй байна л даа. 10-5 хасаад үлдсэн нь ашиг гэж үзэж болохгүй. Үүнд чинь компаниудын үйл ажиллагааны зардал, зохицуулах үйлчилгээний хөлс, нөөц сангийн хуримтлал гээд зардлууд гарч байгаа. Энэ бүх тооцоог Санхүүгийн зохицуулах хорооны албан ёсны санхүүгийн тайлан тооцоо дээр байгаа.  Тэндээс харж болно.

Санхүүгийн Зохицуулах Хорооны Даатгалын газрын дарга М.Өлзийбат

- Албан журмын даатгалын  хураамжийн орлогоос 40 гаруй хувь нь нөхөн төлбөрийн зардалд гардаг.

Нийт компаниуд дунджаар 30 гаруй хувийг үйл ажиллагааны зардалд зарцуулдаг. Үлдсэн хувийн бусад зардлуудад зарцуулдаг.

Тэгэхээр бидний тооцооллоор компаниуд 6-7 хувийн  ашигтай байна. 

Хуулийнхаа дагууд даатгалын компаниуд сар, улирал, жилийнхээ тайлангаа Санхүүгийн зохицуулах хороонд нэгтгэж өгдөг. Бид нэгтгэлийг нь хянаж, боловсруулдаг.

Мэдээллийг Үндэсний статистикийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл рүү хүргүүлдэг.

Тэгэхээр манайхаас гарч байгаа мэдээлэл хамгийн зөв байна гэсэн үг. 

МҮОНТВ-ийн сурвалжлах багт гаргаж өгсөн СХЗ-ны мэдээлэл болон Монголын Даатгагчдын холбооны мэдээлэл хоорондоо ийм зөрүүтэй байна. 


ДҮГНЭЛТ

Жолоочийн даатгалын үйлчилгээ үзүүлж буй компанийн төлөөлөл болох Монголын даатгагчдын холбооноос компаниуд нийт орлогынхоо 58 хувийг нөхөн төлбөрт олгож, ашиггүй буюу -10 хувийн алдагдалтай ажиллаж байна гэдэг тайлбарыг өгсөн. 

Харин сар, улирал, жил бүр даатгалын компаниудыг тайланг хүлээж авч, боловсруулж, хяналт тавьдаг Санхүүгийн зохицуулаг хорооноос  6.9 хувийн ашигтай ажиллаж байна гэсэн мэдээллийг өгсөн байна. Мөн СЗХ-ны мэдээлэл нь даатгалын салбарт Монгол улсын төрийг төлөөлж байгаа бөгөөд тэдний мэдээлэл Монгол улсын албан ёсны статистик болдог гэдгийг онцолсон. 

Даатгалын компаниуд яагаад ашгаа нуудаг вэ? яагаад Албан журмын даатгагчдын холбоо, Даатгалын холбоо, Санхүүгийн Зохицуулах хорооны мэдээллүүд зөрүүтэй байна вэ?

Дээд хэсэгт Монголын даатгагчдын холбооны захирал  Ж.Батжаргалын хэлсэнчлэн үнэхээр жолоочийн даатгалын үйлчилгээ -10 хувь буюу ашиггүй байгаа бол даатгалын компаниуд яагаад энэ үйлчилгээг үргэлжлүүлэн явуулсаар байна вэ? Компаниудыг хүнд байдал оруулан байж, жолоочийн хариуцлагын даатгалыг хувийн компаниудад хариуцуулсаар байх уу? эсвэл Даатгагчдын холбооноос худал мэдээлэл  өгч, цаана нь "ашиг" нууж байна уу? гэдэг асуулт хариултгүй үлдэж байна.