Г.Энхтайван:

Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай


3 минут уншина
Г.Энхтайван: Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай

Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн үзэл бодол, эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ.

Энэ удаад бид "Жолоочийн хариуцлагын даатгал ба даатгуулагчийн эрх ашиг" сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна. Монгол улсад Жолооочын даатгалын тухай хууль 2012 оны 1 сараас эхлэн зургаа дахь жилдээ хэрэгжиж байгаа. Хууль хэрэгжиж өнөөдөр ямар түвшинд байгаа, даатгуулагчын эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгааг энэ хэлэлцүүлгээрээ хөндөхийг зорьж байгаа юм.

Энэ удаад хариуцлагын даатгалын ашиг тус, хэрэгжилт, үр дүнгийн талаар “Coverhill” даатгал болон давхар даатгалын брокерийн гүйцэтгэх захирал Г.Энхтайвантай ярилцлаа.
-Жолоочийн хариуцлагын даатгал ямар ашиг,тустай вэ?

Осол аваар өндөр давтамжтай, байнга гардаг. Осол аваар гарахын хэрээр хэн нэгэн эд хөрөнгө, амь нас хохирч байна. Гэтэл хохирол гаргасан иргэдийн олонх нь хохирлыг барагдуулах санхүүгийн чадамжгүй байдаг. Энэ хохирлыг даатгалаар дамжуулан барагдуулах боломжтой.

-Манай жолооч нар хариуцлагын даатгалын үр дүнг хүртэж чадаж байна уу?

Өнөөдрийн байдлаар хохирлыг барагдуулж, нөхөн төлбөр төлөгдөж байна. Энэ л нүдэнд үзэгдэж гарт баригдаж байгаа үр дүн. 15 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт гаргачихсан байна. Өөр ахисан бодит үр дүн алга.

-Энэ даатгалыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд даатгалын компаниуд үйлчилгээндээ ямар өөрчлөлт хийх хэрэгтэй вэ?

Хуулинд өөрчлөлт оруулж байж, үр дүн гарна. Манай улсад албан журмын даатгалыг төрөөс бүгдийн нарийн хуульчлаад гаргаад өгчихсөн.

Энэ нь даатгалын компаниудад уян хатан байх боломж олгохгүй, маш төвөгтэй байдлыг үүсгэдэг. Бид хуулиа л мөрдөж байгаа.

Уг нь олон улсад үнийн чөлөөлж даатгуулагч, даатгагч хоёр ярилцаж үнэ хөлсөө тохиролцох боломжийн олгодог.

Үүний үр дүнд хариуцлагагүй жолооч татвараа өндөр төлж, сайн жолооч бага төлдөг. Энэ бол шударга тогтолцоо.

Ингэж байж урт хугацааны дараа хариуцлагатай жолооч хөнгөлөлт эдэлнэ.

Ухамсар муутай жолооч өндөр татвар төлж байгаадаа дүгнэлт хийж, хариуцлагатай жолооч болж өөрчлөгдөх боломжтой. Итгэлцүүрийн механизм одоо хэрэгжиж байгаа ч зорилгодоо хүрэхгүй байна.

-Албан журмын даатгалын эцсийн үр дүн хохирогчийг хамгаалах зорилготой. Бодит байдал дээр хэрэгжихгүй байна. Арилжааны даатгалын компаниуд ашиг, орлогодоо илүү анхаараад байгаа юм биш үү?

Ашиг харж байна гэвэл бас үгүй юм. Олсноо буцаад гаргаж байгаа гэж хэлж болно. Үүнийг бодлогын хувьд системийн өөрчлөх хэрэгтэй.

Олон улсын туршлагаас харахад арилжааны компаниуд албан журмын даатгалыг хийгээд явж байна. Гэхдээ манайд 5 жилийн турш мөрдөгдөж байгаа энэ системээр явна гэвэл өөрчлөлт гарахгүй.

Яг үнэндээ жолоочийн хариуцлагын даатгалын хүндийг гал унтраах байдлаар даатгалын компаниуд үүрээд явж байна.

-Жолооч нар даатгалд ач холбогдол өгөхгүй, татвараас ялгарахгүй байна гэж үзэх хандлага ажиглагдаж байна. Энэ тал дээр та юу гэж хэлэх вэ?

Албан журмын даатгал, сайн дурын даатгал хөгжихөд чөдөр тушаа болж байгаа гэдгийг тогоон дотор нь чанагдаж байгаа хүний хувьд мэдэрч байна.

Бүгд хүчээр даатгуулдаг, авч байгаа үйлчилгээ сул, сэтгэл ханамж муу. Татвараас ялгарах юм алга. Иргэд даатгалын ашиг тусыг доогуур үнэлж байна. Хуулинд өөрчлөлт өөрчлөлт оруулах хэрэгтэй.

Машин мөргөлдөхөд хохирол, зөрчил гэсэн 2 асуудал хөндөгддөг.

Энэ 2 асуудлыг нэг аргаар шийдэж болох уу? гэдгийг хамтдаа ярих хэрэгтэй.

Гэтэл шууд шийтгэе гэсэн арга хэрэглээд байвал үр дүн муутай. 

Хүнийг улам холдуулдаг гэдгийг олон улсын туршлагаас харж болно.

Зөрчлийн хуулийг оруулж ирээд оноо хасаж, 100 мянган төгрөгөөр торгож байгаа. Энэ зөв арга биш юм.

Олон улсын туршлагаас харахад даатгалын системээр хариуцлагын тогтолцоог хөгжүүлэх боломж байдаг.

Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй.

Ярилцсан Сэтгүүлч Ц.Соёлмаа