УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Шадар сайдтай уулзаж тулгамдсан зарим асуудлыг шийдвэрүүллээ
2021.04.22

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Шадар сайдтай уулзаж тулгамдсан зарим асуудлыг шийдвэрүүллээ

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Ковид-19 халдварын тохиолдол өсөн нэмэгдэж буйтай холбоотойгоор Дундговь, Говьсүмбэр аймгийнхаа эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлууд, мөн орон нутгаас ирсэн санал хүсэлтүүдийг шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхантай уулзлаа.
Уулзалтаар, УОК-ын зүгээс шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэн, вакцины нийлүүлэлт, түргэвчилсэн оношлуурын асуудлыг шийдвэрлэн хүргүүлэх, мөн Говьсүмбэр аймагт өнгөрсөн шороон шуурганы улмаас орон гэргүй болсон зарим ард иргэдэд гэр олгох болон холбогдох тусламж дэмжлэг үзүүлэх асуудлыг ойрын үед шийдвэрлэхээр боллоо.

Говьсүмбэр аймагт байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 43 айлын гэр нурснаас сэргээн засварлах боломжгүй 17 айл байгаа ба 5 айлд нь орон нутгаас гэр олгоод буй юм.

Дундговь аймагт уул уурхайн болон өмнөд бүсийн дамжин өнгөрөх тээвэрлэлт, шилжилж хөдөлгөөн өсөн нэмэгдэж буйтай холбоотойгоор PCR шинжилгээний сорьцоо ХӨСҮТ эсвэл Өмнөговь аймаг руу зөөвөрлөж байна. Уулзалтын үеэр Г.Мөнхцэцэг гишүүн энэ асуудлыг анхааралдаа авч, молекул биологийн лаборатортой болгох хүсэлтийг Шадар сайд С.Амарсайханд тавилаа.
Түүнчлэн Дундговь аймгийн эрүүл мэндийн салбарын ажилтнуудын 2020 оны 11 дүгээр сараас хойших илүү цагийн хөлс өнөөдрийг хүртэл олгогдоогүй байгаа талаар аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн хүсэлтийг Эрүүл мэндийн сайдад хүргүүлснээ яаралтай шийдвэрлүүлэхээр давхар уламжиллаа.