ХЗБХ: Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа
2021.03.31

ХЗБХ: Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.03.31) хуралдаан 11 цаг 15 минутад эхэлж, хоёр асуудал халэлцэхээр тогтов. Хуралдааны эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс нэрээ татаж буйгаа мэдэгдэж байсан бол Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ш.Адьшаа нар Хууль зүйн байнгын хорооны дарга уг Ажлын хэсгийг ахлах нь хууль зөрчих тул Ажлын хэсгийн ахлагчаар Байнгын хорооны дарга бус Улсын Их Хурлын гишүүнийг томилох тухай горимын санал хэлж байв. Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт уг Ажлын хэсгийг ахлах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж байв.

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт Шүүхийн тухай хуулийн 77.2 дахь хэсэгт Ажлын хэсгийг “Улсын Их Хурлын гишүүн ахлана” гэж заасан, мөн Улсын Их Хурлын даргын захирамжаар ажлын хэсгийн ахлагчийг томилсон тул санал хураалт явуулахгүй гэсэн тайлбар хийв. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Д.Ганбат, Х.Нямбаатар, Н.Алтанхуяг, Ж.Сүхбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Ингээд Шүүхийн тухай хуулийн 77.2 дахь хэсэгт заасны дагуу Ажлын хэсэг нь Улсын Их Хурал дахь олонх, цөөнх, Ерөнхийлөгч, Засгийн газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, хууль зүйн сургалт, судалгааны байгууллага, хууль зүйн их, дээд сургуулийн санал болгосон төлөөллөөс бүрдсэн 11 гишүүнийг Байнгын хорооны хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэж, санал хураалт явууллаа.

Үүнд, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн Ажлын албаны дарга С.Далхаасүрэн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн даргын зөвлөх Д.Батдорж, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул, Монголын Өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанбат, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, “Шихихутуг” их сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч Г.Амаржаргалан нарыг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулах тухай гишүүн тус бүрээр санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авсан. Харин нэр дэвшигч Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнхийг дэмжээгүй болно.

Байнгын хорооны дарга С.Бямбацогт “Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналыг аваагүй бол санал болгох эрх бүхий байгууллага ажлын хоёр өдрийн дотор өөр хүний нэрийг ажлын хэсэгт оруулахаар Байнгын хороонд ирүүлнэ” гэж “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-д заасан. Иймд Монголын Хуульчдын холбооноос ажлын хэсгийн гишүүнд санал болгох төлөөллийг Байнгын хороонд ирүүлэхийг үүрэг болгов. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний 9 нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжсэн.

Дараа нь Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Өчигдөрийн Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүдээс гарсан горимын саналын дагуу Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэхийг хойшлуулаад байсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх гишүүн байгаагүй ба Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар батлагдсан.