"Сү.Батболд Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор гэм буруутай гэж шүүхээр шийдвэрлэгдээгүй тул холбоогүй гэж ойлгож байгаа"
"Рио Тинто"-ийн асуудлаар өнөөдөр Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийнхэн өнөөдөр мэдээлэл хийсэн билээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Сү.Батболдтой холбоотой асуудалд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Оюутолгойтой холбогдуулан УИХ-ын гишүүн Сү.Батболдод эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж, шүүхээр шийдвэрлэсэн зүйл одоогоор нэг ч байхгүй тул хэлэлцээртэй холбоотой асуудалд огт холбоогүй гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл, манай улсын шүүх хэн нэг хүнийг буюу Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Сү.Батболд гэх хүнийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой гэм буруутай гэж дүгнэсэн зүйл огт байхгүй.
Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн учраас сонгуульд горилох, нэр дэвших магадлалтай хүмүүсийн зүгээс өөртэй нь өрсөлдөж болзошгүй нэр дэвшигчтэй холбоотой асуудал гаргаж байгаа юм болов уу гэж хөндлөнгөөс харсан.
Бид хөрөнгө оруулагч талтай 2009 оноос хойш байгуулагдсан бодлогын баримт бичгийн хүрээнд гэрээ хэлэлцээр хийж, үр өгөөжийг хурдасгаж, ойртуулах үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байна. Ер нь тус гэрээ хэлэлцээрийг олон улс төрч сонгуулийн сэдэв болгож өнөөдрийг хүрсэн. Цаашид миний ахалж байгаа ажлын хэсэг уг төслийг Монголд ашигтай байдлаар үргэлжлүүлэх байдлаар ажиллана" гэв.