Ш.Адьшаа гишүүн тойрогтоо ажиллаж, эмч, багш нараа сонсов
2020.09.26

Ш.Адьшаа гишүүн тойрогтоо ажиллаж, эмч, багш нараа сонсов

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа тойрогтоо ажиллаж байна.  Өнөөдөр /2020.09.25/ Ховд аймгийн эрүүл мэнд, боловсролын салбарын төлөөллийг хүлээн авч уулзаж тухайн салбарт тулгамдсан асуудлыг сонсч, хэлэлцүүлэг өрнүүлээ. 

Хэлэлцүүлэгт, Ховд аймгийн эмнэлэгүүдийн эмч,  удирдлага болоод  сургууль цэцэрлэгийн багш,  нийгмийн ажилтан, захирал дарга нараас бүрдсэн 30 гаруй төлөөлөгч оролцсон юм.

Тэд өөрсдийнх нь итгэл хүлээлгэж,  төрд илгээсэн гишүүн нь тулгамдсан асуудлыг нь сонсч,  шийдвэрлэх гарц гаргалгааг  хамтдаа эрэлхийлэх гэж ирсэнд  баярлаж,  талархаж байгаагаа ярианыхаа эхэнд илэрхийллээ. 

Ингээд Ховд аймгийн хэмжээнд өөр өөрсдийн салбарт тулгамдсан, даруй шийдвэрлэх ёстой олон асуудлыг хөндөн ярьсаныг сийрүүлэн хүргэе. 

Ховд аймгийн эрүүл мэндийн салбар,  эмнэлгүүдэд эмч нараа тогтвор суурьшилтай ажлуулах,  тэр дундаа нүд,  шүд,  гэмтэл, оношлогооны зэрэг нарийн мэргэжлийн эмч нараа мэргэжил дээшлүүлэх аливаа сургалтад урт, богино хугацаагаар хамруулах шаардлага байгаа аж. Мөн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй эмнэлгийн байрнуудыг шинэчлэн засварлах,  жил бүр урсгал засварт зарцуулах зардал хэмээн төсвөөс өгдөг 163000 төгрөгийг нэмэх,  эмнэлгийн тоног төхөөрөмж,  багаж хэрэгслүүдийг шинэчлэх,  орчин үеийн техник технеологоор хангах,  энэхүү шинэ тоног төхөөрөмж дээр ажиллах боловсон хүчнийг сургах, тоог нэмэх асуудлыг шийдвэрлүүлэхийг хүслээ.

Ингээд зогсохгүй сумдуудыг гэмтлийн эмчтэй болгох,  зарим эмнэлгийн байрыг хүнд өвчтөн тээвэрлэх цахилгаан шаттай болгох, сумын эмнэлгүүдийг комьпютержуулах зэрэг олон чухал асуудыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа эмч ажилтнууд онцлов. 
Харин боловсролын салбар, сургууль, цэцэрлэгүүдийн хувьд бол мөн л орчин нөхцөл,  барилга байшинг сэргээн засварлах хөрөнгө шийдэх, шинэ байртай болох  
хэрэгцээ шаардлага байгаа гэж байна. Түүнчлэн багш сурган хүмүүжүүлэгчдийн чадавхийг нэмэх, дөнгөж сургуулиа төгсөөд ажлын гараагаа эхэлж буй залуу боловсон хүчний сургалтын чанарт анхаарах, хүүхэдтэй ажиллах арга барил,  ёс зүйг заах гэх мэт асуудал ч толгойн өвчин болсон аж.

Цэцэрлэгийн багшийн бие даасан ангийг Ховд их сургуульд нээх ёстой гэсэн санал ч гарч байв.  Мөн цэцэрлэгүүдээ тоглоомжуулах, ингэхдээ тухайн аймгийн олон үндэстэн ястаны уламжлалт тоглоомоор хангах,  тоглоомын сургалтын арга барилыг нэвтрүүлэх,  цэцэрлэгүүдэд хоол зүйч,  биеийн тамирын багш байх ёстойг норм,  нормативаар батлахад анхаар ажиллахыг хүсэв. Боловсролын тухай хуульд эцэг эхчүүдийн хүлээх үүрэг,  хариуцлага ямар байх ёстойг тусгуулж,  аав, ээжүүдийг үр хүүхэдтэйгээ ажиллах,  анхаардаг болгоход хуулиар зохицуулах шаардлага өнөөдрийн нийгэмд байгаа гэсэн санал багш, сурган хүмүүжүүлэгч нараас гарч байв.  Сургууль, цэцэрлэг болгоныг биеийн тамир болоод урлагийн заалтай болгох,  багш сурган хүмүүжүүлэгч нарыг ажлын байран дээрээ өсч дэмжих боломж нөхцөлөөр хангахад анхаарч ном,  гарын авлагаар хангах төсөв мөнгийг шийдэх гэх мэт олон нарийн асуудлыг шийдвэрлүүлэхэд дуу хоолой болж ажиллахыг Ховдчууд Ш.Адьшаа гишүүнээс хүслээ. 

Аймаг орон нутагтаа суурьшин ажиллаж,  амьдарч байгаа төрийн албан хаагчдаа орон сууцжуулах,  ажлын байраар хангах,  цалинтай,  орлогтой Ховдчуудын төлөө сэтгэл зүрх гарган ажиллахыг мөн багш, эмч нар хүсч байна. 
Ш.Адьшаа гишүүний хувьд багш,  эмч нарынхаа өмнө тулгамдсан асуудлыг сонсоод бүгдийг бичгээр өөрийн бие төлөөлөгчөөр дамжуулан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.  Ингээд аль болох асуудлыг шийдвэрлүүлэх талаас нь хөөцөлдөхөө амлаж байв. Гэхдээ сургууль,  цэцэрлэгийн орчин нөхцөл сайжруулах,  урлаг,  спортын заалтай болгох,  тоглоомоор хангах гэх мэт зарим ажилд заавал  төсвийн хөрөнгө оруулалт хараад суух бус ОУ-ын байгууллагад хандах гэх мэт өөр аргаар шийдвэрлэх боломж бололцоо хэр байгааг судлахаар боллоо. Хамгийн гол нь  төрийн албан хаагчид та бүхэн аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүнтэйгээ нягт уялдаа холбоотой ажиллаж,  асуудлаа хэлдэг,  ярьдаг байгаарай хэмээв. Аль нэг нам, улс төр,  эвсэл гэж хуваагдахгүйгээр нэгдмэл эрх ашигтайгаар аймгаа, улсаа хөгжүүлж хамтарч ажиллах хүсэл байгаа гэдгээ ч Ш.Адьшаа гишүүн илэрхийлж байлаа. 

Ш.Адьшаа  гишүүний хувьд БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхтэй уулзаж тойрогтоо хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрийн талаар ярилцсан бөгөөд Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлгээр төрийн албан хаагч эмч, багш нараа тус улсад сургахаар ярилцсан.  Ажил хэрэг болгохоо ч амлав.
Ш.Адьшаа гишүүнийг  баруун бүсийн аймгууд, Ховд нутгаа утаа угаараас салгахын тулд Хөшөөтийн уурхайг түшиглэн сайжруулсан утаагүй түлшний үйлдвэр байгуулахаар болсонд сонгогчид талархаж байв.  Уулзалтын төгсгөлд иргэд УИХ-д “Баруун бүсийн байгаль орчныг хамгаалах,  агаар,  хөрсний бохирдлыг бууруулах“ лобби бүлэг санаачлан байгуулан ажиллаж байгаад баяртай байгаагаа мөн илэрхийлэв.