Обамагийн гэр бүлийн орлого буурчээ
- Обама орлогынхоо 20,5 хувийг татварт өгдөг гэнэ. Эдийн засгийн бодлогодоо тэрээр “Баффетийн” гэх баячуудын татварыг нэмэх зарчмыг барьдаг.
- АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байден ба түүний эхнэр Жилл 2011 онд 379 мянган ам.долларын орлого олж, 88 мянган долларын татвар төлжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама түүний эхнэр Мишель нар 2011 онд 790 гаруй мянган ам.долларын орлоготой байжээ. Өнгөрсөн баасан гаригт нийтлэгдсэн ерөнхийлөгчийн ашиг орлогын мэдүүлэгт энэ талаар өгүүлсэн байгааг “Associated Press” дамжуулав. Өмнөх жилтэй нь харьцуулбал, ерөнхийлөгчийн гэр бүлийн орлого бараг хоёр дахин буурчээ.
Орлогын тал хувь нь Обамагийн цалин, бусад орлогын эх үүсвэр нь түүний номын зохиогчийн шагнал гэнэ. Барак Мишель нар холбооны төсөвт 160 гаруй мянган долларын татвар төлсөн байна. Өмнөх жилийн татвар нь 454 мянган ам.доллар байсан юм. Буяны үйлст тэд 172 мянган доллар хандивласан. Харин өмнөх жилд нь 245 мянган доллар хандивлаж байжээ. Обамагийнхан дайнд амь үрэгдэгсэд болон эрэмдэг, зэрэмдэг болсон хүмүүсийн хүүхдүүдэд хандиваа зориулдаг гэнэ.
Обама орлогынхоо 20,5 хувийг татварт өгдөг гэнэ. Эдийн засгийн бодлогодоо тэрээр “Баффетийн” гэх баячуудын татварыг нэмэх зарчмыг барьдаг. Обамагийн өнөөгийн орлогын төвшинг авч үзвэл тэрээр “Баффетийн татварт” хамрагдахгүй болох юм.
АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байден ба түүний эхнэр Жилл 2011 онд 379 мянган ам.долларын орлого олж, 88 мянган долларын татвар төлжээ. Бүгд найрамдах намын гол нэр дэвшигч болох Митт Ромни одоогоор мэдүүлгээ гаргаагүй байна. Урьдчилсан мэдээгээр тэрээр өнгөрсөн жилд 20 сая орчмын орлоготой байсан гэнэ. Тэгэхээр тэрээр “Баффетийн заримд” хамрагдах ёстой. Бүгд найрамдахчууд энэ татварын санаачлагын эсрэг байгаа бөгөөд үүнийг “ангийн тэмцэл” гэж нэрлэж байгаа юм.
Дөрөвдүгээр сарын 12-нд Оросын удирдлага ашиг орлогын мэдүүлгээ танилцуулсан бөгөөд ерөнхийлөгч Дмитрий Медведевийн 2011 оны орлого 3,4 сая рубль, ерөнхий сайд Владимир Путины орлого 3,7 сая рубль тус тус болсон байна.