Зах, бөөний төвүүдэд НӨАТ-ын баримт олгож буй үйл ажиллагааг шалгаж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зах, бөөний төвүүдэд НӨАТ-ын баримт олгохгүй байгаагаас мах зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийн хөөрөгдлийг хянахад улсын байцаагч нарт хүндрэл учирдаг байна. Тиймээс ШӨХТГ-аас Татварын ерөнхий газартай хамтран өнөөдөр болон маргааш “Хүчит шонхор” зах, “Нарантуул-2”, Чингэлтэй дүүрэгт худалдаа эрхэлдэг махны төвлөрсөн бөөний төвүүдэд НӨАТ-ын баримт олгож буй үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр болжээ.
Энэ хүрээнд 2 чиглэлээр шалгалт хийх юм. Нэгд, махны бөөний худалдаа эрхэлдэг иргэн, аж ахуй нэгжүүд, хоёрт жижиглэнгээр худалдаа эрхлэгч нар НӨАТ-ын баримт олгож байгаа үйл ажиллагааг шалгаж байна.
НӨАТ-ын баримт нь хэнээс, хаанаас, хэчнээн тоо ширхэг, ямар бүтээгдэхүүн, хэдэн төгрөгөөр авсныг баталгаажуулдаг. Энэ баримтгүй бол, хэрэглэгчийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд эрхийг нь хамгаалахад албаны хүмүүст хүндрэл үүсдэг байна.
Нэн ялангуяа, коронавируст цар тахлын нөхцөл байдлын улмаас хөл хорио тогтоосон, ШӨХТГ-аас үнийн өсөлтийг хянах, шалгах ажиллагаа явуулж байгаа энэ үед дээрх тодорхойгүй байдал нь улсын байцаагч нарын шалгалтын ажиллагаанд бэрхшээлтэй байгааг албаныхан онцоллоо.
Өнөөдөр зах, худалдааны төвүүд НӨАТ-ын баримт олгох асуудалд ШӨХТГ-аас Татварын ерөнхий газрын байцаагч нартай хамтарсан хяналт, шалгалтыг "Хүчит шонхор" худалдааны төвөөс эхэлсэн юм.
Энэ үеэр махны худалдаачид НӨАТ-ын баримтыг хэрэглэгчдэд олгож эхэлбэл махны үнэ нэмэгдэнэ гэж үзэж байв. Өөрөөр хэлбэл, НӨАТ-ын баримт өгөхөд нэг сая төгрөгөөр авдаг мах 1,1 сая болно, тэгэхээр иргэд 100 мянган төгрөгөөр хохирно гэж байв. Харин үүнд албаныхан хариулахдаа, "И-баримт" олгож байгаа тохиолдолд үнэ дээр тэр үнийг шингээнэ, нэмж оруулна гэсэн ямар ч хуулийн заалт байхгүй. Үндсэн үнээрээ зарах ёстой.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль 2016 оноос хойш хэрэгжээд 5 жил болж байна. Энэхүү хууль тогтоомжийн дагуу бол Монгол Улсын Татварын алба цахим төлбөрийн баримтаа хөгжүүлэх, QR наалт гээд бүх боломжит хэрэгслээр НӨАТ-ын баримтыг борлуулагчаас хэрэглэгчид олгох боломжийг үүсгэж өгсөн. Иймд хууль тогтоомжоо мөрдөх хэрэгтэй” гэсэн юм.