2020.12.22

Б.Баярсайхан: Төр иргэнээ хамгаалж, элчин сайдын яамдуудын үүргийг нарийвчлан, хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.12.22/ хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдлаа. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

“Энэ хуулийн нэг чухал зүйл бол 18 дугаар зүйл юм. Тухайн улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар буюу элчин сайдын яамдын хүлээх үүргийг тусгасан байна. 7 заалттай энэ хэсгийг харахаар гадаадад ажиллахаар очсон иргэн өөрөө л ...би энд ирсэн, энд ажиллана... гэдгээ хэлэхгүй бол элчин сайдын яам ямар нэг үйлдэл хийхгүй юм байна. Өмнөх хуульд ч ийм байсан. Элчин сайдын яамд иргэнийхээ төлөө түрүүлж хөдөлж, дуугарч санаа тавьдаг байдлыг энэ хуульд нарийвчлан оруулж өгөх саналтай байна.

Техник технологи хөгжсөн энэ үед хилээр Монгол Улсын иргэн ороход тухайн иргэн ямар хугацаагаар ямар зорилгоор ирж байгааг хил гаалийн албадаар дамжуулан мэдээллийг авахад ямар ч асуудал байхгүй гэж бодож байна.

Монголчууд өөрсдөө элчин сайдын яамандаа ханддаггүй. Ихэнхдээ танил айлаараа байж байгаад ажилд ордог. Аялал жуулчлалаар очоод харлаад үлддэг тохиолдол бий. Ийм үед элчин сайдын яам иргэнээ хайдаг, хамгаалдаг баймаар байна.

Цар тахлын үеэр үүнийг бид их тод харлаа. Энх-Амгалан гишүүний хэлснээр бид гадаадад байгаа монголчуудаа яг тоолж чадсан уу? Өөрсдөө элчин сайдын яамандаа ханддаггүй учраас тухайн хотод хэдэн Монгол хүн байгаа тоог нарийвчлан гаргаж чаддаггүй. Гэтэл осолд орох, гэмтэж бэртэх, бичиг баримтаа алдах гэх мэт олон асуудал тохиолддог. ИТиймээс тухайн газар нутагт байгаа элчин сайдын яамдын үүргийг нэмэгдүүлж, эндээс очиж байгаа иргэдийнхээ бүрэн мэдээлэлтэй байж, хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийнхээ цалин хөлсөө бүрэн авахад нь нөлөөлж, тусалдаг баймаар байна. Тиймээс 18 дугаар зүйл дээр энэ саналыг нэмж оруулах саналтай байна.”