Ж.Сүхбаатар БУХИМДАЖ, Ч.Хүрэлбаатар УЛСТӨРЖИВ
УИХ-ын өнөөдрийн /2020.11.05/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нарын хооронд ширүүн маргаан өрнөлөө. Өөрөөр хэлбэл, чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байх үед гишүүд үг хэлж, хариулт авсан юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.СҮХБААТАР "Би өчигдөр ирэх жилийн Улаанбаатар хотын төсвийн асуудлаар Сангийн сайдад хандсан. Хотын энэ жилийн төсвийг 100 гаруй тэрбум төгрөгөөр нэмсэн. Нэмсэн үндэслэлээ хэлэхгүй байна. Асуухаар намайг төсвөө мэдэхгүй байна, уншиж судал гэх юм. Олон жил сайдын ажил хийсэн хүн өвчтэй болчихдог юм. Сангийн яамны нөхдөд хэлэхэд ирэх жил Улаанбаатар хотод хэдийг өгөх юм, нэмэгдээд байх юм уу. Би Улаанбаатар хотоос мэдээлэл авсан шүү. Сангийн сайд нь төсвөө сайн унш, судал гэж хэлээд хүн доромжлоод сууж байдаг. Яах гэж таныг Сангийн сайд хийлгэж байгаа юм. Би мэдээлэл авах эрхтэй, та мэдээлэл өгөх үүрэгтэй. Бүхнийг мэддэг Далай лам шиг байж болохгүй. Цаана чинь амьдрал зогслоо. Улсын төсвийн хулгай нүүрлэсэн газар нь Сангийн яам шүү дээ. Томъёо ярьдаг болчихож, УИХ-ын гишүүн хүн асуулт асууж болдоггүй юм уу. Удаан улстөрд шигдэхээрээ иргэдийн дуу хоолойг сонсдоггүй. Даналзаж, данаах гэж сайд болоогүй шүү" хэмээн бухимдлаа илэрхийлэв.
Харин Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР "Хэн ууртай, чанга дуутай нь зөв байдаггүй шүү. МАХН гэж чамайг гүйж байхад олон зүйлийг бид засаад цэгцэлчихсэн юм. Чамайг МАХН гэж МАН-аа хусаад явж байхад цэгцэлчихсэн юм, Ж.Сүхбаатар гишүүн ээ. Чамаар загнуулаад суухгүй шүү. Хоёр өдөр л доромжиллоо" гэх хариуг барив.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.СҮХБААТАР "Ч.Хүрэлбаатар бид хоёр үүх түүхээ сөхвөл юм ярина л даа. Энэ хүн 2000 онд МАХН-д Н.Энхбаяр даргын зөвлөхөөр ажилд орсон. Төсвийн хулгай ярих юм бол Увс аймгийн төсвийн хулгай яригдаж л байна. Яагаад дарга дагасан төсөв хийгээд байгаа юм. Үүнийг би яриагүй, иргэд олон нийт яриад байна шүү дээ" гэлээ.