Боловсролын багц хуулийн төсөлд олон нийтээс санал авах ажлыг энэ сарын 05-ны өдрөөс орон даяар эхлүүллээ
2020.11.10

Боловсролын багц хуулийн төсөлд олон нийтээс санал авах ажлыг энэ сарын 05-ны өдрөөс орон даяар эхлүүллээ

Улсын Их Хурлын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран өнөөдөр (2020.11.10) Боловсролын багц хуулийн төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Боловсролын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд салбарын нийт багш, ажилчин, албан хаагчид болон эцэг эхчүүд, олон нийтээс санал авах ажлыг энэ сарын 05-ны өдрөөс улс орон даяар эхлүүлжээ.

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, "Улсын хөгжлийн үндэс нь  боловсрол. Тиймээс боловсролын асуудалд бүх нийтээрээ анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хуулийн төсөлд бичгээр болон цахимаар саналаа өгөх боломжтой. Цахимаар санал авах ажил 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 21 аймаг, 9 дүүргийн боловсролын байгууллагуудад бичгээр авах саналын хуудсыг хүргүүлсэн. Бичгээр санал авах хугацаа 11 дүгээр сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ. Мөн БШУЯ-наас "Боловсролын шинэчлэлийн бодлого, эрх зүйн зохицуулалт" уулзалт, хэлэлцүүлгийг 11 дүгээр сарын 17-30-ны өдрүүдэд 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулна.

Харин нэгдсэн хэлэлцүүлгийг 2020 оны арванхоёрдугаар сарын 04-07-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөсөн. Иргэд БШУЯ-ны албан ёсны www.meds.gov.mn цахим хуудаст, багш нарын хувьд боловсролын салбарын мэдээллийн систем www.esis.edu.mn-ийн багш ажилтны эрхээр хандаж, саналаа өгнө.

Боловсролын салбарын эрх зүйн орчныг сайжруулж, олон улсын стандартад нийцүүлэх үүднээс дөрвөн хуулийн төслийг боловсруулж байгаа юм. Энэхүү багц хуулийн төсөлд иргэд, боловсролын байгууллагуудаас ирүүлсэн саналыг тусгасны дараа 2021 оны 1 дүгээр сард УИХ-д өргөн мэдүүлэхээр ажлын хэсгийнхэн ажиллаж байна" гэлээ.

Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн хэлэхдээ, “Салбарын хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг эхлүүлж байна. Хамгийн анхны боловсролын хууль 1963 онд батлагдсан. Одоо хэрэгжиж буй Боловсролын тухай хуульд 25 удаа, Дээд боловсролын тухай хуульд 10 удаа, Бага дунд боловсролын тухай хуульд 6 удаа, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд 12 удаа тус тус нэмэлт өөрчлөлт орсон байдаг.

Салбарын хуулийн төсөлд санал тусгах ажлыг ийнхүү улсын хэмжээнд анх удаагаа зохион байгуулж байгаа юм. Тогтвортой мөрдөгдөх, салбарын асуудлыг өргөн хүрээнд зохицуулж чадах хуулийн төсөл боловсруулахын төлөө боловсролын салбарын үйл ажиллагаатай холбоотой бүхий л байгууллагын саналыг хуульд тусгахыг зорьж байна" гээд боловсролын салбарыг шинэ түвшинд гаргах энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд идэвхтэй оролцохыг салбарын нийт багш, ажилчин, албан хаагчид болон эцэг эхчүүд, олон нийтэд уриаллаа.

Хэвлэлийн хуралд Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Г.Дамдинням, Б.Баярсайхан болон холбогдох яам, агентлагийн төлөөлөл оролцлоо.