Ж.Ганбаатар: Баянгол дүүрэгт хамгийн их үгүйлэгдэж байгаа шударга ёсыг бид авчирна
-Та Улсын Их Хурлын 2016 оны сонгуульд Баянгол дүүргийн иргэдийн итгэлийг хүлээн сонгогдсон. Дөрвөн жилийн хугацаанд тойрогтоо ямар ажлууд амжуулан хийсэн бэ?
Юуны өмнө Баянгол дүүргийн иргэд, итгэл хүлээлгэн сонгосон сонгогч олондоо энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Миний сонгогдсон УИХ-ын сонгуулийн 68-р тойрогт Баянгол дүүргийн 5, 6, 7, 9, 21-р хороод хамаарагддаг. Гэр хороолол болон орон сууцны хороолол хосолсон тойрог. УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшээд сонгогч олонтойгоо уулзалт хийгээд явж байхад 9, 10-р хорооны иргэд өдөр тутамд ажил сургуульдаа явдаг шороон замыг засч өгөхийг аминчлан захисан.Монгол Ардын Нам 2016 онд улс орныг хүлээж авахад гэр хороололд авто зам барих битгий хэл эдийн засгийн өсөлт зогссон, гадаад валютын нөөц шавхагдсан, улсаараа дефолт зарлахтай тулчихсан байсныг та бүхэн санаж байгаа. Иргэд, сонгогчдынхоо хүсэлтийг биелүүлэхийн тулд 670 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хувиасаа гаргаж, цемент, бетоноор хүчитгэсэн суурьтай асбалт хучилттай авто зам барьсан. Хувийн хөрөнгөөрөө нийтийн эзэмшлийн авто зам барьсан талаар тухайн үед улс төрчид янз бүрээр хэлж, ярьж байсан. Миний хувьд бусад хүн элдэв янзаар хэлхээс илүүтэй иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх ажлыг санаачлан хийсэндээ, мөн зам даган хөгжил ирж 9, 10-р хорооны иргэдийн хашаа байшин, үл хөдлөх хөрөнгө, газрын үнэлгээ нэмэгдсэнд сэтгэл өег байдаг. Албан ёсны нэршил биш ч Ганбаатарын зам гэдэг нэртэй болсон байна лээ.
Дараагийн томоохон ажил бол ашиглалтад орсноос хойш огт засвар, шинэчлэл хийгдээгүй 5, 6, 7-р хорооны хорооллын доторх тохижилт,авто зам, авто зогсоолыг нийслэл болон улсын төсвийн хөрөнгөөр иж бүрэн шинэчилсэн. Энэ ажлын үр дүнд хорооллын дундах авто замын түгжрэл эрс багасаж, авто зогсоолын хүрэлцээ мэдэгдэхүйц нэмэгдсэн. Энэ ажлыгс2020 онд үргэлжлүүлэн хийснээр ойрын 5-10 жилдээ эдгээр хороодын иргэд авто зам, авто зогсоолын тал дээр толгой өвдөхгүй болсон гэж бодож байна.
Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэггүй хороод их цөөхөн байдаг, гэтэл миний сонгогдсон 9, 21-р хороонд сургууль, цэцэрлэг огт байдаггүй тул эцэг эхчүүд хүүхдээ ойролцоох хорооны сургууль, цэцэрлэг бараадуулж, 3 ээлжээр эсвэл 1 танхимд олноор суралцуулахаас өөр сонголтгүй байсан. Иймд сургууль, цэцэрлэг барихын тулд 28 айлын газрыг чөлөөлөх ажлыг хоёр жил дамнуулан хөөцөлдөж улсын төсвийн хөрөнгөөр 9-р хороонд 640 хүүхдийн суудалтай сургууль, 21-р хороонд 240 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын ажлыг хийсэн, энэ намар ашиглалтад орно. Сургууль цэцэрлэг барьж өгөөд зогсохгүй Нийслэл дүүрэгтээ урлаг, спорт сургалтын амжилтаараа тэргүүлсэн боловсролын байгууллага болгоход давхар анхаарна гэж бодож байна. Түүнчлэн иргэд, сонгогчидтойгоо эргэх холбоотой байж, 2008 оноос хойш жил болгон ахмадын баяр, цагаан сараар учран золгодог уламжлалаа үргэлжлүүлэн, Төрийн ордноор зочлон, Чуулганы үйл ажиллагаатай танилцах үйл ажиллагаа тогтмолжсон. Мөн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч нарын дунд бүтээлч сэтгэхүйтэй, бизнес санааг ажил хэрэг болгох хүсэл тэмүүлэлтэй залуусыг дэмжих зорилгоор “Шилдэг бизнес” төслийн уралдааныг санаачлан зохион байгууллаа. 3 жилийн хугацаанд нийт 2500 сурагч оролцсон.
Манай Баянгол дүүргийн 3, 4, 10-р хорооллын хувьд ашиглалтад ороод 30-40 жил болсон угсармал орон сууцны дулаан алдалтын асуудал их байдаг. 2019 онд 4 байрны дулаалгын ажил бүрэн хийгдэж дууссан. 2020 онд нийтдээ 13 байрны гадна дулаалгын ажлыг хийж дуусгана. 15 орон сууцны дээврийн их засвар хийнэ. 2019-2020 онд 7 хүүхдийн талбайг шинээр тохижуулсан, 40 гаруй байрны ашиглалтын хугацаа дууссан лифтийг сольж, шинэчлэнэ. Эдгээр ажлыг улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж, хэрэгжүүлнэ. Цаашид ч иргэдийнхээ ая, тухтай амьдрах орчныг сайжруулах тал дээр идэвхийлэн ажиллана.
-Шинэ төрлийн коронавирус “Ковид-19” халдвараас болж улс орнуудын эдийн засаг хүндэрч байна. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд манай эдийн засаг цаашид хэрхэх бол таны байр суурийг сонсоё?
- “Ковид-19” халдвараас ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах талаар Монгол Улс дэлхийд үлгэр жишээ ажиллаж байгаа. Цар тахлын улмаас дэлхий нийтийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор импортын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний татварыг чөлөөлөх замаар дотоодын хэрэгцээгээ 2020 оны 10 сар хүртэл бүрэн хангах нөөцийг хуримтлуулж чадсан. Энэ бол Эдийн засгийн байнгын хороо холбогдох төрийн байгууллагуудтай хамтран авч хэрэгжүүлсэн хамгийн чухал ажил байсан. Түүнчлэн Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд цар тахлын үед эдийн засгийн асуудлыг хоёрдугаарт тавилгүйгээр зэрэг анхаарч ажиллахыг байнга сануулж, иргэд аж ахуйн нэгжийг бодлогоор дэмжих талаар тодорхой санал санаачилга гаргаж ажилласан. Эдийн засгийг чадавхжуулахын тулд иргэд, аж ахуй нэгж, жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор 2-3 багц арга хэмжээг МУ-ын засгийн газраас авч хэрэгжүүлсэн. Энэ бүх арга хэмжээний тооцоо судалгаа, гарц гаргалгаа гаргах ажлыг Эдийн засгийн байнгын хороо хариуцан ажилласан. Иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалан ажиллаж байгаатай зэрэгцээд эдийн засгаа сайжруулахын тулд байгаа нөөц боломжоо бүрэн дүүрэн ашиглаж байна. Үүнд тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэсэн, хүүхдийн мөнгийг нэмэгдүүлсэн, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвараас чөлөөлсөн, банкны зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулсан зэрэг олон ажлуудыг шат дараатай авч хэрэгжүүлж байна.
-Та дөрвөн жил Улсын Их Хурлын гишүүнээр ажиллахдаа улс төрөөс яг юу олж харж, ойлгов?
-Улстөрч хүн аливаа зүйлд тууштай байх ёстойг юун түрүүнд ухамсарлаж, олж харлаа. 2016-2020 оны парламент үйл явдлын өрнөлттэй парламент байлаа. Хүмүүс нийгмийн сошиал сүлжээгээр дамжуулан аливаа мэдээллийг түргэн шуурхай олж авч, асуудлыг дүгнэдэг болсон. Энэ нь УИХ-ын гишүүн шударга бус, аливаа асуудалд орооцолдолгүйгээр биеэ үлгэр жишээ зөв авч явах ёстойг Улс төрчдөд сануулж байгаа хэрэг ээ. Төрийн өндөр албан тушаалтан, УИХ-ын гишүүд хэн ч бай иргэдтэйгээ адил нэг хуулийн доор амьдардаг гэдгийг олон жил хуульгүй юм шиг амьдарсан хүмүүст ойлгуулж өглөө. Тиймээс төрд ажиллаж байгаа хүн ашиг сонирхлоо эрэмбэлж чаддаг, өндөр ёс суртахуунтай, зөвд зөөлөн, бурууд хатуу, зарчимч шударгаар зүтгэх ёстой.
-Таны үг, үйлдлийг ажиглаад байхад нийгэмд шударга ёсыг тогтоох тухай ярих юм. Нийгэмд шударга ёсыг тогтооно гэж юуг хэлээд байна?
Монгол Улсад өнөөдөр нийгмийн шударга ёс үгүйлэгдэж байна. Монгол Улс саарал жагсаалтад орсон асуудлуудын цаана ч шударга ёсны асуудал байна. Аливаа асуудлыг босгож ирээд шийддэггүй байдал хэзээ хүртэл үргэлжлэх вэ. Уул уурхайн баялгийн тэгш бус хуваарилалт, оффшорт мөнгө нуудаг, төрийн мөнгөнөөс хулгай хийдэг, концесс, тендер, төрийн албаныхны хууль бус үйлдэл гээд маш олон асуудал байна. Гэвч үүнд эцсийн цэг тавигддаггүй. Шийдэгддэггүй. Шийдэгдсэн ч торгосон болоод өнгөрдөг. Үүнээс л ард иргэд нийгэмд шударга ёс байхгүй болсон гэж дүгнэж байна. Саарал жагсаалтад оруулсан гол агуулга нь ерөөсөө л хариуцлагын тогтолцоогоо сайжруул гэсэн дохио юм. Түүнээс биш Монголд терроризм, мөнгө угаасан гэмт хэрэг их байна гэсэн утгаараа биш. Та нар дотроо байгаа муу муухай зүйлүүдээ шийдвэрлээч ээ гэсэн үг юм. Энэ тал дээр Монгол Улсад хангалттай хууль тогтоомж байна. Бүр 600 гаруй хууль тогтоомж хэрэгжиж байгаа шүү дээ. Харин одоо бид хуулиудаа хэрэгжүүлэх л ёстой. Хууль бүх хүнд эрх тэгш үйлчлэх ёстой. Үүний төлөө цаашид ажиллах болно.
-Ирэх дөрвөн жилд юу хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Би түрүүчийнхээ асуулттай холбоё. Хамгийн түрүүнд хариуцлагын тогтолцоог дээшлүүлэх ёстой. Бүх шатандаа шүү. Төрийн албаны хариуцлагын тогтолцоо, улс төрчдийн хариуцлагын тогтолцоо, нийгмийн хариуцлагын тогтолцоо, эдийн засаг, төсвийн хариуцлагын тогтолцоо. Энэ бүгдээс хамгийн чухал нь төрийн албаны хариуцлагын тогтолцоо. Хүн аливаа хийж байгаа зүйлдээ хариуцлагатай хандах ёстой. Мөн төр өөрөө ард иргэдийнхээ аж ахуй, бизнес эрхлэх сонирхлыг нь дээшлүүлэх тал дээр бодлогоор анхаарах ёстой. Та аж ахуй, бизнес эрхлээд явснаараа амьдрал тань баталгаатай болно гэдгийг хууль, эрх зүйн хүрээнд дэмжих хэрэгтэй. Төр намайг хамгаална гэдгийг тэр хүмүүст ойлгуулах ёстой. Энэ бол Монгол Улсын хөгжлийн хамгийн гол гаргалгаа, тулах цэг гэдгийг би олж харсан. Үүнийгээ үргэлжлүүлэн хийнэ ээ.
-У.Хүрэлсүхийн засгийн газар, УИХ, хотын удирдлагуудын хийсэн бодитой ажил утааг 50 хувиар бууруулж чадсан. Ард иргэд ч сэтгэл хангалуун байна.
- Засгийн газар хотын удирдлагуудын Улаанбаатар хотод хийж хэрэгжүүлсэн онцлох гол ажлуудын нэг нь утааны асуудал. Сүүлийн 30 жил ярьж ирсэн агаарын бохирдлыг бууруулах боломжтой гэдгийг 1 жилийн дотор харууллаа. Иргэдэд ч итгэл төрлөө. Цаашид үргэлжлүүлэн аймгийн төвүүдийн агаар орчны бохирдлын асуудал дээр онцгойлон анхаарах ёстой. Утааныхаа асуудлыг шийдэх боломжтойг дэлхий нийтэд бас харууллаа.
-Энэ удаагийн УИХ-ын сонгууль их онцлогтой болж байна. МАН-аас “ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” гэсэн уриатайгаар сонгуульд өрсөлдөж байгаа. Баянгол дүүрэгт нэр дэвшиж байгаа танай багийн давуу тал юу вэ?
Ирэх дөрвөн жил манай баг нийгэмд шударга ёсыг тогтоох, төрийн хариуцлагын тогтолцоог чангатгах, Улс орныхоо эдийн засгийг сэргээж, тогтвортой хөгжлийг хангах, иргэдийнхээ хөдөлмөр эрхлэх сонирхлыг нэмэгдүүлэхийн төлөө багаар хамтран ажиллаж чадна. Бидэнд Баянгол дүүргийн иргэд сонгогчид, итгэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Манай багт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эхийг барьсан, туршлагатай парламентич, МУ-ын гавьяат хуульч, УИХ-ын гишүүн Данзангийн Лүндээжанцан, “Хера” группийн үүсгэн байгуулагч, Эдийн засагч Хассуурийн Ганхуяг нар байна. Бид гурав багаараа Баянгол дүүргийнхээ иргэд сонгогчдынхоо итгэл найдварыг зүтгэлээр хариулж, Нийслэл хотын шилдэг дүүрэг болгохын төлөө хүчээ нэгтгэн, бодитой үр дүн гаргаж ажиллана. Дүүргийн төсөв гэдэг хэн нэгэн даргыг сонгуульд ялуулахын төлөө эсвэл гэр бүл, танил талаараа засаглахад зарцуулагдах бус харин Баянгол дүүргийнхээ иргэдийн эрүүл аюулгүй, ая тухтай ажиллаж, амьдрах орчинг бүрдүүлэхэд зарцуулагдах ёстой. Улсын ИХ Хурлын 2020 оны сонгуульд Монгол Ардын Намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт Баянгол дүүргийн Өрхийн эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэггүй хороодод сургууль, цэцэрлэг барьж, цэвэр усны худаг нэмж, ая тухтай орчин үеийн шийдэл бүхий амралтын бүс бий болгохоор тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарах болно.
Баянголчууд аа хүчээ нэгтгэе!
Та бүхэн манай багийг багаар нь дэмжээрэй.