У.Хүрэлсүх: Д.Сумъяабазар ёс суртахуунтай, туршлагатай, ур чадвартай байх шалгуурыг хангасан хүн
УИХ-ын сонгуулийн сурталчилгааны өдрүүд үргэлжилж байна. УИХ-ын сонгуулийн 28-р тойрог, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж буй Д.Сумъяабазар өнөөдөр /2020.06.07/ 17-р хорооны иргэд, сонгогчидтойгоо уулзлаа. Мөн энэхүү уулзалтын үеэр МАН-ын дарга У.Хүрэлсүх оролцсон юм.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Д.СУМЪЯАБАЗАР:
-Бидний урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ талархъя. Мөн цаг заваараа хүрэлцэн ирж Монгол Улсын хөгжлийн бодлогынтухай дэлгэрэнгүй ярьсан Ерөнхий сайддаа талархаж байна. Ингээд өнгөрөгч дөрвөн жилд хийж, хэрэгжүүлсэн ажлынхаа талаар цөөн хэдэн үг хэлье. Энэ дөрвөн жилд манай засгийн газар эдийн засгийн холч төлөвлөлт хийж, “Алсын хараа 2050” хөгжлийн бодлогоо баталсан.
Уул уурхайн салбар хүнд, хариуцлагатай салбар. Харин хариуцлагагүй уул уурхайд бид үгүй гэж хэлж чадсан. 650 орчим тусгай зөвшөөрлийг цуцлахад тийм ч амар байгаагүй. “Үгүй” гэж хэлж чадсан анхны засгийн газар болсон гэдгийг хэлэхийг хүсэж байна. Эдгээр он жилүүдэд СХД-т 350 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ. Энэ бол манай дүүрэгт сүүлийн 28 жил хийгдээгүй хөрөнгө оруулалт. Өнөөдөр ЕБ-ын 10-аад сургууль, 20-иод цэцэрлэг, эмнэлгийн гурван өргөтгөл шинээр баригдсан гээд тоочоод байвал урт жагсаалт хөврөх болно. Хэлэх үгтэй, хийсэн ажилтай ард түмэнтэйгээ нүүр бардам уулзаж буйдаа сэтгэл хангалуун байна. Ингээд тун чухал хариуцлагатай сонгууль ирж буйг ойлгож, бидэнд урам, хүч, эв нэгдэл өгсөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг багаар нь дэмжээрэй гэж Сонгинохайрханчууддаа уриалж байна. Баярлалаа, та бүхэндээ” гэсэн юм.
МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ:
-Сэтгэл байгаад зүтгэл байвал ажил хийж болдог юм байна гэдгийг бид мэдэрсэн. Ард түмэн ч бас мэдэрсэн болов уу. ЕБС-ийн сургуулиуд гурван ээлжээр хичээллэдэг байсан бол өнөөдөр больсон, бүх сургууль хоёр ээлжтэй болсон. Энэ хугацаанд нийт 232 сургуулийг шинээр барьсан. Мөн 99 эмнэлгийг шинээр барьж байгууллаа. Намайг хүүхэд байхад гүйдэлтэй гэж яригддаг байсан осол аваар их гардаг Налайхын замыг бид зургаахан сарын дотор барилаа. Цар тахлын үед сонор сэрэмжтэй, хариуцлагатай ажиллаж, өнөөдөр коронавирусийг дотроо алдаагүй, уг вирусээр амь алдсан хүнгүй дэлхийн цор ганц улс болж байна.
Мөн олон жил яриад шийдэж чадаагүй утааны асуудал дээр манай Засгийн газар ажиллалаа. Улаанбаатар хотын утааг 50 хувь бууруулсан. Цаашлаад шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийг барьж, энэ намар ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Ирэх дөрвөн жилд бид Улаанбаатараа утаанаас нь, цэвэрлэх байгууламжийн бохир үнэрээс нь, түгжрэлээс нь салгана. Ард иргэдээ орон сууцжуулна, 150 мянган орон сууц шинээр барина. Майдар хотыг босгоно. Хүмүүс маань нэг зүйл дээр ч болов амар амгалан амьдраг. Цаашид хийсэн ажлаа улам бататган, үргэлжлүүлэхэд маань дэмжиж, багаар маань сонгож өгөөрэй гэж хүсч байна.
УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар уул уурхай гэдэг том салбарыг хариуцаж, тун ч хариуцлагатай ажиллалаа. Зарим газар хүч нь хүрээгүй байх, хөөрхий. Эх орноо гэсэн сэтгэлтэй, газар нутгаа бусдад худалдахгүй эх орны хүү, сайхан залуу хүч юм. Эх орныхоо далбааг олон улсын дэвжээнд гаргаж, дуурсгаж явсан залуу. Би нэр дэвшигчдэдээ гурван шалгуурыг тавьсан. Нэгдүгээрт, ёс суртахуунтай байх, ард түмнээ гэсэн сэтгэлтэй, өөрийн эрх ашгаас илүүтэй ард түмний эрх ашгийг дээдэлдэг байх шалгуур. Хоёрдугаар шалгуур бол мэдлэг боловсрол, дараагийн удаад ажлын дадлага туршлага, ур чадвартай байх ёстой. Эдгээр шалгууруудыг Д.Сумьяабазар сайд бүрэн хангасан” гэж танилцуулсан юм.