Ц.Хулан, Г.Уянга нар УИХ-ын сонгуульд бие дааж өрсөлдөнө
2020.04.16

Ц.Хулан, Г.Уянга нар УИХ-ын сонгуульд бие дааж өрсөлдөнө

УИХ-ын сонгуулийг хойшлуулах талаар Ерөнхийлөгч Х.Баттулга урилга гаргасан. Учир нь тэрээр коронавирусийн хорио цээр, онцгой дэглэмийн энэ үед эдийн засаг хүндэрч байна. Иймд төсвөө хэмнэхийн тулд сонгуулиа хойшлуулж, төсвөө хэмнэе гэж буй.

-АН ШИНЭ, ЗАЛУУ ХҮМҮҮСИЙГ ДЭВШҮҮЛЭХ БОЛ МАН ЖДҮ-ИЙН
ЗЭЭЛД НЭР ХОЛБОГДСОН ГИШҮҮДЭЭ ДЭВШҮҮЛЭХГҮЙ-

Харин МАН, АН-ын зүгээс УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулахгүй, энэ оны зургадугаар сарын 24-ны өдөр буюу товлосон хугацаандаа санал хураалтыг явуулна гэдгээ мэдэгдсэн. Гэсэн хэдий ч коронавирусийн нөхцөл байдал хүндэрвэл сонгууль энэ оны намрын эхэн сар хүртэл хойшилж болзошгүй байгаа талаар зарим эх сурвалжууд мэдээлж байна.

Харин энэ удаагийн УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигчдийн ихэнхийг шинэ, залуу хүмүүс бүрдүүлнэ гэж АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд мэдэгдсэн.

Харин энэ долоо хоногт болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хурлын үеэр Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх “ЖДҮ-ийн зээлд нэр холбогдсон гишүүдээ дэвшүүлэхгүй” гэж мэдэгдсэн гэх мэдээлэл гараад байна. Хэрэв түүний энэхүү байр суурь үнэн бол энэ удаагийн парламентад суугаа МАН-ын 63 гишүүдийн дийлэнх олонх нь дэвшихгүй гэсэн үг юм. Учир УИХ-ын 49 гишүүн ЖДҮ-ийн зээлд нэр холбогдоод байгаа юм. Ямартай ч улс төрийн намуудаас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэрс тодорхойгүй болоогүй, таамаг төдий байна.

-Ц.ХУЛАН, Г.УЯНГА, Т.ГАНБОЛД НАР УИХ-ЫН СОНГУУЛЬД
БИЕ ДААЖ НЭР ДЭВШИНЭ-

Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулгын Соёл, шашны бодлогын зөвлөх, яруу найрагч Ц.Хулан, мөн түүний Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга нар УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байна. Тодруулбал, Ц.Хулан хөдөө, орон нутагт нэр дэвших бол, Г.Уянга Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж болзошгүй байгаа ажээ.

Сонирхуулахад, Энэ оны нэгдүгээр сард Г.Уянга “би Ардчилсан намаас нэр дэвшинэ” гэж мэдэгдсэн ч, түүний энэхүү мэдэгдлийн дараа АН-ын дарга С.Эрдэнэ “түүнийг АН-аас нэр дэвшүүлэхгүй” гэсэн билээ.

Мөн сүүлийн үед олны анхааралд нэлээдгүй өртөх болоод байгаа “хамар” гэх Т.Ганболд УИХ-ын сонгуульд бие дааж өрсөлдөнө гэдгээ илэрхийлэх болсон байна. Тэрээр “бие даагчдыг маш ихээр нь сонгох нийгмийн суурь бэлэн байгаа. 76 бие даагч гарч ирээд бүрэн өөрчлөлтийг хийх боломжтой” гэж мэдэгдэх болсон. Харин нэр бүхий хүмүүс “зарим улс төрчид намуудаас, бие даагчдаас УИХ-д өөрсдийнхөө гар хөлийн хүмүүсийг дэвшүүлэхээр улайрч байна” гэж мэдэгдээд байна.