2020.02.12

Т.Аюурсайхан: Ч.Ганхуяг "Монгол шуудан" ХК-г 100 хувь хувьчилж аваад БАНК болгох зорилготой

"Монгол шуудан" ХК-ийг 100 хувь хувьчлахыг хэзээ ч зөвшөөрөхгүй!
3 жилийн өмнө миний зүгээс МОНГОЛ ШУУДАН ХК-г 100 хувь хувьд шилжүүлэх шийдвэрийг тодорхой үндэслэлээр эсэргүүцэж, таслан зогсоосон юм. Ч.Ганхуяг үүнд асар их хорсож, өсөрхөж явдагаа илэрхийлж байгаа юм байна. Би өмнө нь түүний нэрийг, тэр тусмаа субъектив хандлагаар янз бүрээр ярьж байгаагүй. Гэтэл "юун гуя? гээд өөрөө гараад ирлээ. Би арваад жилийн өмнө Н.Багабанди гуайтай ажиллаж байсан боловч ХЭЗЭЭ Ч цай зөөж үзээгүй, цүнхийг нь барьж үзээгүй, ганц хоёр тохиолдлоос өөрөөр үүдэнд нь сууж байгаагүй. Хувь хүнийг өөнтөглөж ярьвал Ч.Ганхуягийн талаар хэлэх зөндөө юм байвч би тийм увайгүй юм хийхгүй. Мэдлэг боловсролоо ч түүнтэй харьцуулж доош орохгүй. Мэдэх хүмүүс нь мэднэ дээ. Хөндөгдсөн асуудлаараа л ярина уу гэхээс хувь хүн рүү нь асуудлаасаа гажиж дайрах нь хэлэх үг, аргументгүй болохоороо тэгдэг юм.
Монгол Шуудан ХК-г хувьчлах нь зөв үү, буруу юу; үнэлгээ нь хэт бага уу, үгүй юу гэдгийг л би ярьж байгаа, түүн дээр өөрийн аргументээ дэвшүүлнэ биз ээ. Хувь хүн рүү, тэр тусмаа энэ асуудалд огт хамааралгүй хүмүүс рүү субъектив дайралт хийнэ гэдэг хүнээ алдаж байгаагийн л шинж юм даа.
Шуудангийн үйлчилгээ нь зарим сум, багт алдагдалтай ч гэсэн төр БҮХ НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ-ний үүргийнхээ дагуу алдагдалтай цэгт ч гэсэн шуудан хүргэдэг. Хувийн бизнес бол алдагдалтай цэгт хэзээ ч үйлчилдэггүй. Шуудангаар төрийн, хувийн нууцтай холбоотой мэдээ дамжиж байдаг. Ийм учраас шуудангийн үйлчилгээ ТӨРИЙН МЭДЭЛД байх ёстой юм.
Тийм учраас миний зүгээс 2016 оны намар "Төрийн ордны зүүн талын балгасыг 24 тэрбумаар зарсан байтлаа Төв шуудангийн барилгын 40 хувийг эзэмшдэг, 21 аймаг, 330 суманд барилга байшинтай, 130 автомашинтай, 1000 ажилчинтай, саяхан IPO гаргаж дансандаа бэлэн 6.2 тэрбумтай, жилдээ 10 тэрбумын борлуулалттай, 1 тэрбумын цэвэр ашигтай ажиллаж байгаа "Монгол Шуудан” ХК-ийг 20 тэрбумаар хувьчилж болох уу?!" гэж эсэргүүцэж, хувьчлалыг зогсоолгосон юм.
Ч.Ганхуягийн 34 хувийг авсныхаа хариуд Монгол Шуудан ХК-д оруулсан 6,2 тэрбум төгрөг нь /IPO/ 2016 оны 11-р сард компаний дансанд нь бүтнээрээ байж байхад тус компани 1 тэрбумын цэвэр ашиг хийсэн юм. Өөрөөр хэлбэл үүнд Ч.Ганхуяг огт хамаагүй бөгөөд Монгол Шуудан ХК тэрбум гаруй төгрөгийн ашигтай ажилладаг болсон нь ТӨРИЙН зүгээс транзит шуудангийн үйлчилгээг өргөжүүлж, дотоодын шуудан хүргэлтийг сайжруулснаас үүдэлтэй юм.
Монгол шуудан ХК нь Шуудангийн тухай хуулийн 14.2.Энэ хуулийн 14.1-д зааснаас гадна өөрийн сүлжээг ашиглан хадгаламж, даатгал, тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлс олгох санхүүгийн бусад үйлчилгээг хууль тогтоомжид нийцүүлэн эрхэлж болно. гэж заасны дагуу БАНК, ДААТГАЛЫН үйл ажиллагаа явуулж болох онцгой бөгөөд маш чухал эрхтэй юм.
Ийм учраас Ч.Ганхуягийн Ард санхүүгийн нэгдэл нь Монгол Шуудан ХК-ийн нэг хэсгийг нь хэт бага үнээр эзэмшсэн бөгөөд цаашид Монгол шуудан ХК-г 100 хувь хувьчилж аваад БАНК болгох зорилготой юм. Энэ санаархлаа 2016 оны сонгуулийн дараа хэрэгжүүлэхээр дайрахад нь миний зүгээс эсэргүүцэж зогсоосонд зөөлөн хэлэхэд дургүй байх нь ойлгомжтой.
Ажил хэрэгч аргумент байвал сонсоход хэзээд бэлэн!
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан