Ё.Баатарбилэг: Улсын хэмжээний асуудлыг Улаанбаатараар бүү сэтгээсэй
2020.03.20

Ё.Баатарбилэг: Улсын хэмжээний асуудлыг Улаанбаатараар бүү сэтгээсэй

Коронавирус өвчний халдвартай холбоотойгоор хичээл сургууль удаан хугацаанд завсардсан тул төгсөх 12 дугаар ангийн сурагч бүрт ЭЕШ-ын зөвлөмж болон тест хичээлийн даалгаварыг CD-гээр хүргүүлэх болсон талаараа БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдэгдсэн. 

Мөн дээрх асуудалтай холбоотойгоор тэрбээр дараах байр суурийг илэрхийлсэн байна.  

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Арванхоёрдугаар ангийн хүүхдүүд энэ жил хамгийн хүндрэлтэй нөхцөлд ЭЕШ-д бэлдэж орох болж байна. Хөдөө малчдын маань хүүхдүүд гэртээ харьсан байна. Алслагдсан бүс нутгуудад, интернетгүй орчинд олон мянган хүүхдүүд сурч амьдарч байгаа. Малчид маань гэртээ СиДи, ДВД тоглуулагчтай байх нь элбэг. Сумын төвд интернет хурд, интернэт төлбөр гээд олон бэрхшээл байдаг. Бүх хүүхэд маань ухаалаг гар утас хэрэглэх боломж хомс. Амьдрал баян.

Бид мэдээж АПП зохион бүтээж удахгүй ашиглаж эхлэхээр ажиллаж байна. Хугацаа орж байна. Цаг алдалгүй богино хугацаанд хүүхдүүддээ туслах материалыг хүргэх шаардлага үүсээд байна. Мэдээж хот суурин газарт сайтаас, нүүр ном, пэйж хуудсаас, интернэтээс үзэх боломжуудыг нь нэмэгдүүлж байна. Байршуулж байна. Бүх боломжуудыг ашиглаж, хүүхэд бүртээ ижил боломж олгохоор ажилласаар байна.

Монгол Улсын хэмжээний асуудлыг Улаанбаатар хотын хэмжээгээр бүү сэтгээсэй гэж хүсэж байна. Зарим нэр хүндтэй нийтлэлч, олны танил хүмүүс хүртэл өрөөсгөл ойлгож байгаад харамсаж байна. Хөрөнгө мөнгөтэй, баян чинээлэг, боломж сайтай хүмүүс бол СиДи, ДВД-тэй компьютер хэрэглэхээ болиод удсан байх. Жич: Манай улсын хэмжээнд бүх ЕБС-ийн суурин компьютерууд, багш нарын маань хэрэглэж байгаа нөүтбүкүүд СиДи уншдаг. Манай яамны бүх компьютерууд бас адил (шинэчилж чадаагүй) хэвээр л байна. Цэцэрлэгийн багш нар маань компьютер ч байхгүй байна. "Ковид - 19" бидэнд шинэ сорилт тулгаж байна. Уучлаарай. Гүтгэсэн, харлуулсан, улстөржүүлсэн, муучилсан болгонд тайлбарлах, залруулах, сөрөх зав зай бидэнд үнэндээ алга" гэжээ.