2020.01.27
УИХ-ын гишүүд Вена хотноо ажиллав
Монгол, Австрийн парламентийн бүлгийн дарга, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, бүлгийн гишүүн, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар Австри Улсаас Европын холбооны парламентын гишүүнээр сонгогдон ажиллаж буй Роман Хайдер болон Австрийн парламентийн Гадаад хамтын ажиллагааны дэд дарга Лукас Мусси нартай 2020 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтаар Монгол Австрийн санхүүгийн хамтын ажиллагааны III шатны хэлэлцээрийн талаар санал солилцож, манай талаас австрийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчны зөв менежментийг Монголд нэвтрүүлэх, Завхан аймагт эрүүл мэндийн шинжилгээний төв байгуулах, БЗД-т хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр Австрийн туршлагыг нэвтрүүлэх, төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.
Түүнчлэн талууд хоёр улсын хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалт зэрэг бүхий л салбарт өргөжүүлэхийн төлөө байгааг илэрхийлж, хоёр талын харилцааг өргөжүүлэхэд дээд өндөр түвшний айлчлал чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэн Австрийн талаас өндөр түвшний айлчлал хүлээн авахад бэлэн байгааг нотлов.