ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Аргентин Улсын Хөдөө аж ахуйн сайд Луис Евгенио Бастерратай уулзлаа
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан "Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн чуулга уулзалт 2020"-д оролцох зорилгоор ХБНГУ-ын Берлин хотноо ажиллаж байна.
Чуулга уулзалтын үеэр Бүгд Найрамдах Аргентин Улсын Хөдөө аж ахуй, мал аж ахуй, загасны аж ахуйн сайд Луис Евгенио Бастерратай болон албаны бусад хүмүүстэй ажил хэргийн уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр хоёр орны хооронд мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүний эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсоноос гадна Монгол орны зүүн бүсийн малын эрүүл мэндийг сайжруулах, малыг эрүүлжүүлэх чиглэлээр хамтран төсөл хэрэгжүүлэх асуудлыг шийдвэрлэлээ. Энэхүү төслийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэдэх Өмнөд-өмнөдийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх ба Аргентин Улсын талаас мал эмнэлгийн мэргэжлийн байгууллага болох СЕНАСА хариуцах болохыг мэдэгдсэн
Мөн хоёр улс хамтран Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассемблейн хурлаар "Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил"-ийг тунхаглан зарлуулах, олон улсад нүүдлийн уламжлалт мал аж ахуйг сурталчлах, таниулах жилийг хамтран хэрэгжүүлэх асуудлаар санал солилцлоо. Уулзалтын эцэст хоёр тал Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, ирээдүйн хамтын ажиллагаа, түүний хүрээ, хугацааг баталгаажууллаа. Санамж бичгийн хүрээнд ажлын төлөвлөгөө боловсруулан цаашид ажиллахаар санал нэгдэв.