2020.01.09
Засгийн газраас баталсан Агаарын тээврийн салбарт баримтлах бодлого амжилттай хэрэгжиж байна
Монгол Улсын Засгийн газраас баталсан Агаарын тээврийн салбарт баримтлах бодлого, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан холбогдох албаны хүмүүст тодорхой үүрэг чиглэл өгч ажилласны үр дүнд МИАТ ТӨХК-ийн нислэгийн тийзийн үндсэн үнийг 7 хувиар, улирлын чанартай нислэгийн тарифыг 37 хувиар бууруулсан бол дотоодын авиа компаниуд 12-50 хүртэлх хувиар бууруулсан амжилттайгаар шинэ оноо угтлаа.
Түүнчлэн Ерөнхий агаарын тээврийг хөгжүүлэх зорилтын хүрээнд дэд бүтэц муу хөгжсөн алслагдсан сум суурин руу жижиг оврын онгоц нисгэхээр төлөвлөн ажиллаж байна. Тухайлбал Сэлэнгэ аймаг, Хэнтийн Дадал, Говь-Алтайн Алтай, Ховдын Булган сумд руу нисэхээр бэлтгэж, эхний ээлжинд Сэлэнгэ аймагт хийсэн туршилтын нислэг амжилттай болсон билээ.
Өнгөрөгч 2019 онд Монголын агаарын тээврийн салбар хүлээгдэж буй гүйцэтгэлээр 1.622.649 зорчигч тээвэрлэсэн бөгөөд энэ нь өмнөх оноос 14 хувиар, олон улсын зорчигчийн тоо 1.186.668 болж өмнөх оноос 16 хувиар, орон нутгийн зорчигчийн тоо 435.981 болж өмнөх оноос 9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Хямдарсан чиглэлүүд:
- Сөүл чиглэлд 1.252.500-864.900 төгрөг болж 32-37 хувиар,
- Бусан чиглэлд 1.100.800-773.800 төгрөг болж 35 хувиар,
- Хонгконг чиглэлд 1.481.700-1.035.800 төгрөг болж 44 хувиар,
- Берлин чиглэлд 2.389.800-2.061.500 төгрөг болж 20 хувиар /2020.01.19-ний өдрөөс мөрдөж эхлэх/ тус тус буурав.
Одоогоор Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар, Улаанбаатар-Бусан-Улаанбаатарын чиглэлд МИАТ ТӨХК, Сөүл-Улаанбаатар-Сөүлийн чиглэлд БНСУ-ын Корэйн Эйр, Ашиана Эйрлайнс зэрэг компаниуд мөн Бусан-Улаанбаатар-Бусаны чиглэлд Эйр Бусан компани шууд нислэг үйлдэж байна.