С.Эрдэнэ: Ардчилал бол Монгол улсын иргэн бүрийн үнэт зүйлтэй холбогдож, амьдрах үндэс, арга орчин нь болсон
Ардчилсан Монгол Улсын иргэд ээ,
Эрхэм хүндэт журмын нөхөд, Ардчилсан намын гишүүд дэмжигчид ээ,
Та бүхэнд 30 жилийн тэртээ Азийн цээжинд дэлхийг донсолгож эрх чөлөөт нийгмээ зарлаж байсан Ардчилсан хувьсгалын түүхэн ойн баярын мэнд хүргэе.
1989 оны 12-р сарын 10-нд буюу НҮБ-аас тунхагласан Хүний эрхийн өдрийг сонгон, өвлийн хүйтэн жаврыг эс хайхран , шударга ёс, тэгш эрхийн төлөө анхны цуглаанаа хийж байсан залуус, энэ үйл явцыг дэмжсэн монголын ард түмэнтэйгээ хамт амаргүй тэмцлийг эхлүүлсэн нь түүхэн, маргашгүй үнэн билээ.
Энэ үнэн түүхийг, ойгоо тэмдэглэж буй эдгээр өдрүүдэд хамтдаа дурсахын хамт бий болгосон үнэт зүйлээ цаашид хэрхэн хамгаалах, хөгжүүлэх 30 жилийн ардчиллын замнал, алдаа оноогоо шүүн тунгааж байна.
1990 оны Ардчилсан хувьсгал хэн нэгний шахалт шаардлагаар бус зөвхөн өөрсдийн сонголт, монгол хүн бүрийн хүсэл зоригоор хийгдсэн юм. Энэ сонголт, хүсэл зориг зөв, эсвэл буруу байсан тухай яриа байж болохгүй. Харин сонголтоо зөв төлөвшүүлж, хөгжүүлж хамгаалах тухай бол байнга ярьж байх ёстой.
Яагаад бид ардчиллаа төлөвшүүлж, хөгжүүлж хамгаалах тухай ярих ёстой вэ гэдэгт цөөн хэдэн үг хэлье.
Нэгдүгээрт, ардчилал бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа юм.
Монгол Улсын түүхэн үйл явдлууд бүхэлдээ төрт ёсыг бий болгосон, баталгаажуулсан, тусгаар тогтнолыг мөрөөдсөн, хүссэн, тэмцсэн олж авсан, зарлан тунхагласан агуулгатай байдаг.Нэгэнт олсон тусгаар тогтнолыг өнөө цагт цэрэг зэвсгээр бус харин эдийн засаг, технологийн хөгжил, өрсөлдөх чадвар, өндөр боловсролын тусламжтайгаар хамгаалах учиртай.Харин энэ бүхэн ардчилалын хөрс суурин дээр цэцэглэн хөгждөг.
Сүүлийн үед хүн бүр тусгаар тогтнолоороо бахархан омогшдог хэрнээ тусгаар тогтнолынхоо амин сүнс болсон эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлийг үл ойшоон, үгүйсгэх хандлагатай болж байгаа нь маш аюултай гэдгийг мартаж болохгүй.
Хоёрдугаарт , Ардчилал бол тэгш боломжийн баталгаа юм.30 жилийн өмнө Монгол хүн яаж ч хичээж хөдөлмөрлөсөн өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй байх боломж байсангүй.
Монгол хүн хотондоо мянган хоньтой хэрнээ нэгдлийн мал учраас шөлний ганц төлөгний мэдэлгүй байв. Малаа хувьчилж авсан малчдын хөдөлмөр үр шимээ өгч, коммунизмын 70 жилд 25 саяд хүрч үзээгүй малын тоо сүүлийн арван жил тогтвортой 70 саяас буухгүй байна. Улсын, байгууллагын гэсэн тодотголтой орон байраа хувьчилж авснаар хотыхон орон сууцныхаа эзэн нь болж, өөрсдөө болон үр хүүхдүүд нь дэлхийн аль ч улсад сурч боловсорч, ажиллаж амьдрах эрхээ эдэлж байна.
Үр ашиг багатай улсын үйлдвэрийг хувьчилсанаар Монгол Улсад үндэсний хөрөнгөтөн бий болж, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоог халж чөлөөт зах зээл бүхий эдийн засгийн харилцаанд шилжсэнээр хувийн хэвшил бат бэх байр сууриа эзэллээ. Өнөөдөр 100 гаруй мянган хувийн хэвшлийн байгууллага, бизнес үйл ажиллагаагаа явуулж, Монгол Улсын нийт төсвийн 80 гаруй хувийг бүрдүүлж байна.
Гуравдугаарт , Ардчилал бол хүн бүрийн улс төрийн эрхийн баталгаа болж байна.
30 жилийн өмнө Монгол хүн эрх чөлөөтэй сэтгэх, итгэх,
үзэл бодлоо илэрхийлэх,
сонгох, сонгогдох, улс төрийн эрхээ бүрэн эдлэх боломж байсангүй.
Ухаант гэгээлэг өвөг дээдсээ үй олноор нь хядуулсан учрыг ч асуух эрхгүй,
Эх түүх, эзэн Богд Чингисээ дурсан бахархах ч эрхгүй, сүсэг бишрэлээ дээдэлж, бурхан шашиндаа ч мөргөх эрхгүй, уламжлал ёсоо дорд үзсэн,
үзэл бодлын хүлээсэнд байсан он жилүүд төгссөнд бид баярладаг.
Чөлөөтэй сэтгэж бодохгүй байх, итгэл үнэмшилтэй байсан ч түүнийгээ айдсаар нуун халхлах,үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй хавчигдан гадуурхагдах, дутагдаж гачигдахын бэрхшээл гээд олон бэрхшээл зовлонг өнөөгийн залуус амсаагүйд бид хамгаас их баярлаж бахархдаг.
Цагаан морин жилийн хувьсгалын үр дүнд монголын ард түмэн нүдэнд үл үзэгдэх гав гинжээ тасалж, эрх чөлөөгөө олж авсанд бид баярладаг.
Энэ бүхнийг баталгаажуулж, хамгаалах нь бид бүхний, бидний хойч үеийнхний эрхэм үүрэг болж байна.
Дөрөвдүгээрт, Ардчилал бол Монгол Улсын иргэн бүрийн үнэт зүйлтэй холбогдож, амьдрах үндэс, арга, орчин нь болоод байна.
Энэ бол хэн ч үгүйсгэх аргагүй үнэн. Өнөөдөр та 20 настай залуугаас чиний үнэт зүйл юу вэ гэж асуувал ,
- -сурч боловсрох өөрийгөө илэрхийлэх, хөгжүүлэх боломжоо,
- -эх орондоо айдас хүйдэс, мөрдлөг гадуурхалгүй, энх амгалан амьдрах нөхцөлөө,
- -дэлхийн залуусаас хоцрохгүй мэдээллийн ертөнцөд амьдарч, үе тэнгийхэнтэй мөр зэрэгцэн алхах ирээдүйгээ,
- -мөрөөдөл зорилгоо биелүүлэх хүсэл тэмүүллээ ардчиллаар олж авсан ҮНЭТ ЗҮЙЛ гэж хариулах нь дамжиггүй.
Ардчилал бидэнд өөрөөр сэтгэх, өөртөө эзэн болох, өөрөөрөө байх сонголтыг өгсөн.
Үзэл суртал, тархи угаалтын шалбааг дунд эх хэл, монгол соёл, бичиг үсэг, уугуул уламжлалыг холдуулж, эрэмгий түүх, Эзэн Чингис хаанаараа бахархах, нийслэлийн төв талбайгаа түүний нэрээр овоглох боломжгүй байсныг үгүй хийж үндэсний Сэргэн мандлыг авчирсан түүхэн ололт ардчирлалын ололт байсан юм.
1989 оны хувьсгал ч тэр, 30 жилийн турш үргэлжилж буй үйл явц ч тэр зөвхөн Ардчилсан Намын үйл хэрэг байгаагүй,
Энэ бол монголын нийт ард түмний үйл хэрэг, ололт амжилт байсан юм.
Тэр үеийн Ардчиллыг дэмжсэн нийт ард түмний уухайн түрлэг, ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн залуусын эр зориг
нийгмээ бүхэлд нь өөрчлөх оргилуун их хүсэл тэмүүлэл дээр тогтож чадсан учраас монголчууд их хувьсгалыг тайван замаар эрч хүчтэй хийж чадсан юм.
Үүний төлөө монголын хойч үе бахархаж амьдрах ёстой гэдгийг энэ түүхэн ойн өдөр хэлэхийг хүсч байна.
Монголд ардчиллыг эхлүүлсэн, түүчээлсэн нөхөддөө, дэмжсэн, зүтгэсэн ардчиллын алтан хараацайнууддаа, ахмадууддаа өнөөдрийн энэ индэр дээрээс гүн хүндэтгэл илэрхийлье.
30 жилийн өмнө ажилгүй, нэр хүндгүй болох, нутаг заагдан шийтгэгдэх, гэр бүлээсээ хагацах, баригдаж хоригдох, амь насаа ч алдаж мэдэх их эрсдэлтэй нүүр тулан байж энэ нийгмийн ардчилсан өөрчлөлтийн суурийг тавьсан та бүхэндээ баярлалаа.
Тиймээ өнөөдөр Бид эрийн цээнд хүрлээ.
Ардчиллыг байнга тордож, Ардчиллын үнэт зүйлийг хамгаалахын төлөө Ардчилсан нам тууштай зогссоор ирсэн, цаашдаа ч хатуу зогсох болно.
Сүүлийн үед эрх мэдэл, эд мөнгөнийхөө хүчинд эрдэж ардчиллын мөн чанарыг үнэгүйдүүлэх үгүйсгэх оролдлого, хандлага илэрхий бий болов.Ардчилсан хувьсгалыг боловсролтой, ёс суртахуунтай хэсэг нь санаачилж, нийт ард түмнээрээ уухайлан дэмжсэн бодит үнэнийг үгүйсгэхийг оролдож эхэлсэн нь нууц биш.Ардчиллын суурь болсон парламентат ёс, хуулийн засаглал, шударга ёсыг популист уриагаар халхавчлан мөн чанарыг нь гуйвуулах явдал газар авч буйд сэтгэл эмзэглэж байна.
Ардчиллын 30 жилийн замнал шулуун дардан байгаагүй ээ.
Бид алдаагаа олж харах, дүгнэх, засварлах тийм ёс суртахуунтай учраас бид ардчилагчид юм.
Харин ардчиллаас ухрах эрх бидэнд байхгүй ээ.
Ардчиллыг бэхжүүлнэ гэдэг нь нэг удаагийн үйлдэл биш харин ч цаг хугацаа, уйггүй зүтгэл орох үйл явц юм гэдэг нь өнгөрсөн хугацаанд харагдлаа.
Нэгэнт сонгосон энэ тогтолцоогоо байнга засаж сэлбэн сайжруулж байх ёстой.Энэ үүрэг хариуцлага ардчиллын түүчээ нь болж явах ёстой АН түүний гишүүд, дэмжигчид, та бидний мөнхийн ачаа болж явна гэдгийг мартаж болохгүй.
Тийм болохоор дараагийн 30 жилд Ардчилсан нам хариуцлагатай, эв нэгдэлтэй, алсыг харсан бодлого хэрэгжүүлэх ёстой.
Эрхэм анд нөхөд өө,
Энэ цаг үеийн хариуцлагыг үүрч байгаа Ардчилсан Намын удирдлага өнгөрсөн 30 жилийн түүхийн алдаа оноог шүүж, намынхаа шинэчлэлийг эрчимжүүлж, дараагийн шинэ үеийн ардчилагч залуучуудтайгаа мөр зэрэгцэн ирэх 30 жилийг дамнуулж байгаа нь их хувь заяа бас тэр чинээгээр өндөр хариуцлага юм.
Ардчилсан Намын шинэчлэлийг итгэл зоригтойгоор эхлүүлсэнээс хойш манай намд жирийн гишүүдийн санал хүчтэй болж, итгэл үнэмшил, үнэт зүйл эн түрүүнд тавигддаг боллоо. Өнөөдөр намын дарга, Үндэсний бодлогын хорооны гишүүд, орон нутгийн намын байгууллагын удирдлагууд бүгд намынхаа жирийн гишүүд дундаас сонгогдож байна. Үндэсний бодлогын хорооны 60 гаруй хувийг залуучууд, гуравны нэгийг эмэгтэйчүүд дангаараа бүрдүүлж байна.
Ардчилсан Нам бол монголын ардчиллын анхдагч нь, хамгаалагч нь, төгс төгөлдөр биш ч гэлээ итгэл төгөлдөр хэрэгжүүлэгч нь байсаар ирсэн.Байх ч болно гэдгийг энэ хүндтэй индэр дээрээс хариуцлагатайгаар хэлж байна.
Тийм болохоор Ардчилсан нам нийт монгол иргэдийнхээ төлөө, иргэн бүрийн төлөө намын шинэ үзэл баримтлалын хүрээнд улс төр, эдийн засаг,нийгмийн цогц шинэчлэлийг эхлүүлэх ёстой.
Миний Монголын ард иргэд ээ,
Удахгүй бид ээлжит сонголтоо хийж, төрийн эрх барих дээд байгууллагаа бүрдүүлнэ.
Сонголт таных.
Гэвч таны боломжоос хулгайлдаг, хариуцлага, ёс зүйг уландаа гишгэдэг, албан тушаал, эрх мэдлийн төлөө улайрдаг, мөнгөнөөс өөр эрхэм зүйлгүй болсон нийгэмд амьдрах уу, аль эсвэл хувь хүний улс төр эдийн засгийн эрх чөлөөг дээдэлсэн, чөлөөт өрсөлдөөнийг бүх талаар дэмжсэн, хуулийн засаглалыг багана болгосон эрх чөлөөт нийгэмд амьдрах уу гэдгээ бодож, сэтгэж ухаалаг сонголт хийх хэрэгтэй болж байна. Ардчилсан Нам үзэл баримтлалдаа хувь хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, шударга ёсны эрх чөлөө, улстөрийн эрх чөлөөг үнэт зүйл гэж үзэж эрхэмлэн дээдлэхээ тунхаглаж, үүнийгээ баталгаажуулсан учраас сонгогч Танд сонголтоо хийхэд эргэлзэх зүйлгүй болсон гэж үзэж байна.
Ардчилсан Нам улс эх орны хөгжлийг сонгуульт хугацааны дөрвөн жилээр биш арав хорин жилээр харахыг удаа дараа уриалж байсан.
Монгол Улсын хөгжил цэцэглэлт эрчимжиж, дэлхийд өрсөлдөх үзүүлэлтүүдээ сайжруулж, зорилготой монгол хүн мөрөөдөлдөө хүрэх 30 жилийн алсын замыг бид харах ёстой.
30 жилийн дотор бид юунд хүрч чаддагаа, бидэнд ямар боломж байгаагаа харсан болохоор одоо дараагийн 30 жилээ бид өөдрөгөөр гэрэл гэгээтэй сайн сайхнаар төсөөлж түүндээ хүрэх зорилго тавин ажиллах ёстой.
Та юу мөрөөддөг вэ гэж асуувал хариулт болох монголын залуучуудын түм түмэн мөрөөдлийг нэгтгэсэн эрүүл саруул, ирээдүйдээ итгэлтэй, аз жаргалтай иргэдтэй, хангалуун чинээлэг амьдрал, чанартай боловсрол, шударга тэгш боломж бүхий Монголын алс ирээдүйг хамтдаа тодорхойлцгооё гэж хариулах байна.
Эрх чөлөөт ардчилсан Монгол Улсын иргэн Танд Ардчилсан хувьсгалын түүхт 30 жилийн ойн мэндийг дахин хүргэе!
Бид Ардчилсан Монгол улсын төлөө,Монгол хүн таны төлөө хариуцлаг үүрэг хүлээх“Харицлагатай Ардчилсан нам” байх болно.
Сайн сайхан бүхэн дэлгэрч, санасан бүхэн тань сэтгэлчлэн бүтэх болтугай!
Баярлалаа.