Чуулганаар Б.Бат-Эрдэнэ гишүүнээс тавьсан асуулгын хариуг сонслоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.11.22/ нэгдсэн хуралдаанаар “Бэлчээрийн талхагдал, цөлжилт, ой, хээрийн түймэртэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар” УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсов.
Асуулгын хариуг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцууллаа. Монгол Улс 1961 онд 140 сая га бэлчээрийн талбайтай байсан бол эдүгээ 19.9 хувиар буурсан. Харин малын тоо 3.2 дахин өсөөд буй юм. Тиймээс малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, бэлчээрийн даацыг тохируулах шаардлагатай байгааг Шадар сайд онцлов.
Монгол Улсын 112 сая га бэлчээрийн талбайн 35.3 хувь буюу 40 саяд үлийн цагаан оготно тархжээ. Энэхүү тархалт нь цаашид уулархаг нутаг руу тэлэх хандлагатай байгааг эрдэмтэдийн судалгаагаар тогтоожээ. Үүний улмаас ургамлын ургац муудах, тачир сийрэг болж буй юм. Иймээс үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг аймаг, сумын ЗДТГ, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран жил бүр зохион байгуулж буй юм.
Ойрын хугацааны зорилтод өнөөгийн тархалтын хүрээг хумих, хөнөөлийг бууруулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөн, хуваарь гарган ажиллаж байгаа аж. Цөлжилттэй тэмцэх ажлын хүрээнд 14 аймагт цөлжилттэй тэмцэх хөтөлбөр, 7 аймаг дунд хугацааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байна. “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 1000 га талбайд ойн зурвас, 1540 га-д заган ойжуулалт, 234 га-д нарсан ойжуулалтын ажил өрнүүлжээ.
Монгол Улсад хөдөөгийн хүн ам, мал аж ахуйг усаар хангах зориулалт бүхий 43.8 мянган худагтай. Нийт худгийн 28.3 хувь буюу 13.6 мянга нь инженерийн хийцтэй, 71.7 хувь буюу 30.2 мянга нь гар худаг байна. Худгийн 70 гаруй хувь нь хүчин чадал багатай энгийн уурхайн худаг байгаа нь нэг цэг дээрх малын бөөгнөрөл хэт их болж цэгэн цөлжилт, бэлчээрийн талхагдал үүсэх нэг шалтгаан болж байгаа юм.
2006-2018 онд улсын төсвийн 59 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар инженерийн хийцтэй 4554 худаг шинээр байгуулснаар 12.7 сая толгой мал 22.7 мянган өрхийг цэвэр усаар хангах боломж бүрджээ. Цаашид улсын хэмжээнд хөдөөгийн хүн ам, мал аж ахуйн усан хангамжийг сайжруулахад зориулж 6000 орчим худаг байгуулах шаардлагатайгаас энэ онд 330 худаг байгуулж, 920 мянган мал, 1.6 мянган малчин өрхийг усаар хангасан байна.