Mал аж ахуйн тогтвортой хөгжлийн төлөвлөгөө хөрөнгө оруулагчдын форум боллоо
Mал аж ахуйн тогтвортой хөгжлийн төлөвлөгөө хөрөнгө оруулагчдын форум Улаанбаатар хотноо боллоо.
Форумыг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Минод Ахужа нар нээж үг хэлсэн юм. Мөн Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн дарга Фритц Шнайдэрийн форумд оролцогчдод видео мэндчилгээ илгээв.
Mал аж ахуйн тогтвортой хөгжлийн төлөвлөгөө хөрөнгө оруулагчдын форумд МААТХТ-ний танилцуулга, хэрэгжилтийн өнөөгийн байдлын талаар ХХААХҮЯ-ны ТНБД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Жамбалцэрэн илтгэл тавьсан бол Төслийн санал танилцуулгыг ХХААХҮЯ-ны МААХБЗГ-н дарга Д.Батмөнх хийлээ.
Mал аж ахуйн тогтвортой хөгжлийн төлөвлөгөө (MAАТХТ)-г ХХААХҮ-ийн сайдын тушаалаар 2018 онд баталсан юм. Энэхүү үйл ажиллагааны төлөвлөгөө нь Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр”-ийн олон талт түншүүдийн 8 дахь удаагийн уулзалтад оролцогчдын хамтын хүчин чармайлтын үр дүн юм.
Тус төлөвлөгөө нь Монгол улсын хөгжлийн гол тулгуур болсон байгалийн нөөцийн шавхагдах аюулыг цогц арга хэмжээ авч багасгахыг санал болгож байгаа юм.
Төлөвлөгөө нь мал аж ахуйн салбарыг цаашид тогтвортой хөгжүүлэхээр бэлчээр, усан хангамж, уур амьсгал, Мал аж ахуйн салбарын өртгийн сүлжээний хөгжил, Малын эрүүл мэнд, Малын үржил болон Хүнсний аюулгүй байдал, Хөдөөгийн хөгжил ба нийгмийн хүртээмж, Салбар хоорондын түншлэл гэсэн НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилго 2030-тай уялдсан 5 зорилготой юм.