С.Эрдэнэ: Парламентын ардчиллыг хөгжүүлэхэд тууштай тэмцэх болно
2019.09.13

С.Эрдэнэ: Парламентын ардчиллыг хөгжүүлэхэд тууштай тэмцэх болно

АН-ын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнээс дараах асуултад хариулт авлаа.


-АН-ын Улс төрийн зөвлөлөөс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон ард нийтийн санал асуулга явуулах зэрэг асуудалд эрх баригч намтай зөвшилцөх Ажлын хэсгийн байгуулсан байна. Энэ талаараа тодорхой мэдээлэл өгнө үү?

-АН-ын Улс төрийн зөвлөл өнгөрсөн лхагва гарагт хуралдаж, өнөөгийн үүсээд байгаад улс төрийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгсөн. Энэ хүрээнд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудалд намынхаа байр суурийг тодорхойллоо. Намын Улс төрийн зөвлөлөөс УИХ дахь АН-ын зөвлөлд чиглэл өгсөн. Мөн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт болон ард нийтийн санал асуулгад АН ямар байр суурьтай байх вэ гэдгээ тодорхойлж, Ажлын хэсгийг томилсон. Ажлын хэсэг нь иргэдийн эрх ашиг, үнэт зүйлийг хамгаалахад чиглэнэ. Үндсэн хуулийн эхэд дүгнэлт гаргах үүрэгтэйгээс гадна ард нийтийн санал асуулгыг ямар хэлбэрээр явуулахыг судалж, шийдэл гаргана. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа ахална. Дэд даргаар хуульч Х.Тэмүүжин ажиллана.

-УИХ дахь АН-ын зөвлөлөөс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ илэрхийлсэн. Энэ байр суурь хэвээрээ юу?

-Хоёр дахь хэлэлцүүлгийг хийж эхэлсэн. Тэрхүү төслийг бүрэн утгаар нь үгүйсгэж байгаа. Учир нь, анхны төсөл болон Ерөнхийлөгч, АН-аас өгсөн саналууд тусгалаа олж чадаагүй. Анхны зорилтоосоо ухарсан гэж харж байна. Үндсэндээ шаардлага хангаагүй төсөл болсон гэж үзэж байгаа юм. Гэхдээ бид аливаа асуудлыг мухардалд оруулахгүй гэх үүднээс эрх баригчидтай Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт болон ард нийтийн санал асуулга явуулах тал дээр зөвшилцөх хүсэлтэй байна.

-Хоёр нам зөвшилцөлд хүрлээ гэхэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд өөрчлөлт оруулах хууль эрхзүйн боломж, бололцоо бий гэж үзэх үү?

-Санал асуулгын эхийг баталсан эх, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хүлээн зөвшөөрөхгүй. Тэр журмаар эрх баригчид хүч түрж ард нийтийн санал асуулгыг явуулах аваас АН оролцох боломжгүй. Харин зөвшилцөж ард нийтийн санал асуулгыг арай өөр хэлбэрээр явуулах аваас хамтарч ажиллахад бэлэн.

-Эрх баригч намын зүгээс ард нийтийн санал асуулгыг явуулахад нийт 29 тэрбум төгрөгийг зарцуулах мэдээлэл бий. Үүнд хэр шүүмжлэлтэй хандаж байна вэ?

-Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан тооцооллоор бол 12.5 тэрбум төгрөгөөр хийх бүрэн боломжтой. Дээр нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, цагдаагийн байгууллагын зардал нь нийлээд гурав орчим тэрбум төгрөг. Үндсэндээ 15 тэрбум төгрөгөөр ард нийтийн санал асуулгыг явуулах бүрэн боломжтой гэдэг тооцоо гарсан юм билээ. Гэтэл эрх баригчид ямар үндэслэлээр энэхүү төсвийг хоёр дахин нэмж, 29 тэрбум төгрөг болгож байгааг мэдэхгүй байна. Дээр нь гурван тэрбум нийт 32 тэрбум төгрөгөөр санал асуулгыг явуулна гэж ярьж байна. Энэ бол нөгөө л мөнгө угаах, мөнгө тараах, мөнгөөр ирцийг хангах л арга гэж харж байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгч төслөө татаж авсан. Үүнд намын зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?

-Ерөнхийлөгчөөс гарсан санал, санаачилгыг АН-д хамаатуулах гэж оролдож байх шиг байна. Үүнд АН байр сууриа хатуу илэрхийлж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Манай нам үзэл баримтлалаа гол шугамаа болгоно. Тиймээс парламентын ардчилал, сонгодог парламентыг хөгжүүлэхийн төлөө тууштай тэмцэх болно.