“Олон улсын ардчиллын өдөр”-ийг “Ардчиллаа хамгаалъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ
Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Ардчилсан намын санаачлагаар “Олон улсын ардчиллын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ сарын 13-ны өдөр Сүхбаатарын талбайд “Save democracy 2020” буюу “Ардчиллаа хамгаалъя” уриан дор "Олон улсын ардчиллын өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх юм.
НҮБ-ын Ерөнхий ассамблейгээс 2007 оноос хойш жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдрийг Олон улсын ардчиллын өдөр болгон тэмдэглэхээр тогтсон. Ардчилсан намын санаачилгаар энэ өдрийг Монгол улс анх удаа ач холбогдол, үр дүнтэйгээр тэмдэглэн өнгөрүүлэхээр зэхэж байна. Уг арга хэмжээ “Монгол Улс ардчиллын замаар-30 жил” онол практикийн бага хурлаар эхлэх аж. Уг онол практикийн хуралд бусад улс төрийн намууд оолцож өнгөрсөн 30 жилийн алдаа, оноогоо хэлэлцэх аж. Мөн Сүхбаатарын талбайд Олон улсын ардчиллын өдөрт зориулсан нээлттэй өдөрлөг болох бөгөөд үүнд, гэрэл зургийн үзэсгэлэн, Ардчиллын түүхийг өгүүлсэн цуврал номын нээлт, урлагийн тоглолт, фүүд экспо, ховор автомашины үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээ болох аж. Үүнд, НҮБ, Конрад Адейнауэрийн сан зэрэг олон улсын байгууллага, дипломат төлөөлөгчийн газрын гадаад, дотоодын хүндэт зочид төлөөлөгчид урилгаар оролцоно.
Түүнчлэн “Save democracy 2020“ баярын шоу арга хэмжээг зохион байгуулах бөгөөд Монголын хамгийн том тайзыг засч, лазер гэрлэн дүрсний гайхамшгийг харуулсан хамгийн анхны томоохон шоу, урлагийн тоглолтыг зохион байгуулна гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. Монгол Улс 1990 онд ардчилалд шилжсэнээс хойш өдгөө 30 дахь жилийнхээ ойтой золгож буй. Монгол Улсыг ардчилсан орон гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, бүс нутагтаа ардчиллыг амжилттай бойжуулан хөгжүүлж буй загвар орон хэмээн үнэлдэг.
Тэр тусмаа ардчилсан үзэл, эрх чөлөөг иргэн бүр эдэлж, ази дахь үлгэр жишээ ардчилсан улс гэдгээрээ дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг.