Хөдөлмөрлөх эрхийг дордуулсан хуулийн төслийг эсэргүүцлээ
2019.07.04

Хөдөлмөрлөх эрхийг дордуулсан хуулийн төслийг эсэргүүцлээ

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эсэргүүцэж буйгаа өнөөдөр /2019.07.04/ мэдэгдлээ. Тус холбооноос мэдээлснээр, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд 172 орчим нэр томъёоллыг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын ахалсан ажлын хэсэг Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ажлын хэсэгт мэдэгдэлгүйгээр өөрчилсөн байна.

Өмнө нь уг хуулийн төсөлд хөдөлмөрлөх эрхийг дордуулсан долоон зүйл заалт тусгасан байсныг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо болон УИХ-ын Ажлын хэсэг хамтран санал солилцож, тохиролцоонд хүрснээр хуулийн шинэчилсэн найруулга илүү сайжирна гэсэн хүлээлттэй байсныг тус холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэллээ.

Тэрбээр “Хөдөлмөрийн тухай хууль бол ач холбогдлоороо Үндсэн хуулийн дараа эрэмбэлэгдэнэ. Хөдөлмөрлөх эрхийг дордуулсан нөхцөл байдлыг бид хүлээн зөвшөөрч чадахгүй. Бидний зүгээс энэхүү 170 орчим томъёоллыг өөрчилсөн асуудлыг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл УИХ-аас хариу тайлбар ирүүлээгүй. Энэхүү 170 орчим хуулийн зүйл заалтад ямар ямар нэр томъёоллыг өөрчилсөн тухай жишээ татвал, Ээлжийн амралтын үндсэн амралтыг 20 хоног болгоод тухайн байгууллагад хэдэн жил ажилласнаас хамаарч нэмж хоног тооцохоор хатуу заалт оруулсан. Ингэснээр өмнөх хуулийн боломж хумигдаж байгаа юм.

Мөн нийт ажилчдын 40 хувийг үйлдвэрчдийн эвлэл нэгдүүлж чадаагүй тохиолдолд үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг хориглох хуулийн заалт тусгасан байна. Өмнөх хуулиар эвлэлдэн нэгдэж чадсан тохиолдолд хоёр хүн ч хамаагүй үйлдвэрчний эвлэл байгуулаад өөрсдийн тэмцэж чаддаг байсан бол энэ байдлыг хааж байна. Мөн тухайн байгууллагын ажилчдын 50 хувийг хамруулж чадаагүй тохиолдолд салбарын ҮЭ-ийн холбоо хамтын хэлэлцээр хийхгүй байхыг тоон хязгаарт оруулж, Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг зөрчсөн.

Түүнчлэн ажилтнаас үл хамаарсан сул зогсолтыг хөдөлмөрийн хөлснөөс доош тооцуулахаар боллоо. Тухайлбал, 800 мянган төгрөгийн цалинтай хүн сул зогсолтоо 310 мянган төгрөг буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцуулж авна. Иймд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эсэргүүцэж, УИХ-аар батлуулахгүй байх бүх талын арга хэмжээ авна” гэлээ.